Индонез улсын Airlangga болон Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Summer school 2021” соёлын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа.
Индонез улсын Airlangga Их сургууль болон Мандах Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 9 сарын 25-с 10 сарын 6-ны хооронд соёлын солилцооны хөтөлбөрийг онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Airlangga Их сургууль нь Индонезийн хамгийн эртний хоёр дахь их сургууль бөгөөд Зүүн Жава мужийн Сурабая хотод байрладаг олон нийтийн их сургууль юм.
Уг хөтөлбөрт Airlangga Их сургуулийн 2-р дамжааны 15 оюутан, Мандах Их сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэлний ангийн 4-р дамжааны 15 оюутан тус тус хамрагдаж өөрийн улсын түүх, соёл, шашин шүтлэг, уламжлал, ёс жаяг, амьдралын хэв маягийг үндэсний бэлгэдэл, бүжиг, хэл, сургуулийн онцлог, давуу тал, сургалтын хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
Хөтөлбөрийн төгсгөлд идэвхтэй байсан оюутнуудад Өргөмжлөл гардуулж, Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн зүгээс талархал илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа тодотгон, дараагийн үйл ажиллагааг буюу Winter event хөтөлбөрийг зохион байгуулахаар товлолоо.
Мөн цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж тухайн Их сургуулийн багш, оюутнуудыг эрдэм шинжилгээ хурал, аливаа зохион байгуулалттай үйл ажиллагаанд урьж оролцуулах төдийгүй мэргэжлийн зарим хичээлүүдийг багш солилцооны хэлбэрээр онлайн байдлаар заах зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцлоо.