Цахим сургалт

Цахим сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааны үндсэн зорилго нь тус сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийг суралцагчдад цаг хугацаа, орон зайнаас үл хамааруулан боловсролын үйлчилгээг хүргэхэд оршино. Цахим сургалтын үйл ажиллагааг хичээлийн агуулгыг цахим хэлбэрт шилжүүлэх болон сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах гэсэн 2 агуулгын хүрээнд явагдана.

Мандах Их Сургууль цахим сургалтын системийг сургалтын үйл ажиллагаанд өргөн ашиглаж байгаа бөгөөд магистр, доктор болон бакалаврын эчнээ хөтөлбөрийн сургалтыг цахим, танхим хосолсон байдлаар зохион байгуулж байна. Цахим сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, оролцогч талуудаас ирж байгаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс тус сургуулийн хичээлийн А байранд орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тоноглогдсон цахим сургалтын иж бүрэн танхимыг байгуулан ашиглаж байна. Ингэснээр видео хичээл бэлтгэх, сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийн агуулгыг цахим хэлбэрт оруулах өргөн боломжийг олгож байгаа бөгөөд цахим сургалт хариуцсан ажилтан, хичээлийн баг хуваарийн дагуу уг танхимыг ашиглан видео хичээлээ бэлтгэж байна.

Мандах Их Сургууль цахим сургалтын систем /online.mandakh.org/-ийг 2016 оноос эхлэн тасралтгүй хөгжүүлсээр, одоо бүх түвшний сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Дэлхий нийтэд тархсан COVID-19 цар тахлын үеийн онцгой байдлын хорио цээрийн дэглэмийг Улсын Онцгой Комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон 2020-2021, болон 2021-2022 оны хичээлийн жилүүдэд сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр тасралтгүй зохион байгуулсан.