1992 онд гал голомтоо бадрааж, Монгол улсын дээд боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийн он жилүүдтэй хөл нийлүүлэн хөгжиж ирсэн Мандах Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, оюутан залуус, эрдэмтэн багш, ажилтнууд биднийг үргэлж дэмжиж, тусалж хамтран ажиллаж ирсэн байгууллагууд, хамт олон, хувь хүмүүс, түншлэгч нартаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
2017 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн манай сургууль “Их сургууль”-ийн ангилалд орж, бид бүхний 25 жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд эрдэм шинжилгээ-сургалт эрхэлсэн “Их сургууль”-ийн ангилалд багтсан билээ.
Туулж ирсэн өндөрлөгөөс харахад манай сургууль олон сайхан бахархах, тэмдэглэх зам мөрийг Монгол улсын Дээд боловсролын болон Бүртгэл санхүүгийн салбарт үлдээж иржээ.
Бид байгуулагдсан үеэсээ “Нягтлан бодогч” гэдэг чухал, хариуцлагатай сайхан мэргэжлийг байх ёстой байр сууринд нь хүргэх, өнөөгийн нийгмийн шаардлага, шалгуурыг хангасан мэргэжилтэн бэлтгэх, Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилгыг дэвшүүлэн тавьж, сэтгэл зүтгэл нэгтэй хамт олон, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжил нэгт нөхдийн дэмжлэг дор тодорхой үр дүнд хүрсээр ирсэн билээ.
Өнгөрч буй 30 гаран жилийн хугацаанд бид нягтлан бодогч мэргэжлээр чанартай, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гол анхаарлаа тавьж ирсэн бөгөөд үндэсний хэмжээнд 4 удаа магадлуулснаас гадна, олон улсад магадлуулсан хөтөлбөрүүдийн маань нэг юм.
Түүнчлэн бид нийгмийн болон ажил олгогчдын хэрэгцээ, шаардлага, зах зээлд эрэлттэй мэргэжлүүд болох програм хангамж, мэдээллийн систем (2006 оноос элсэлт авч, 2018 онд бүрэлдэхүүн сургууль болсон), Санхүү, Банк (2014 оноос), инженер-эдийн засаг, логистик менежмент, цахилгааны инженер, механик инженерчлэл, бизнесийн удирдлага, маркетингийн менежмент (2020 оноос) зэрэг чиглэлээр бас бакалаврын сургалт явуулж буйн зэрэгцээ , магистр, докторын түвшний сургалт, судалгааг эрхэлж байна.
Өдгөө манай сургууль олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн их сургууль болон хөгжиж байна. Нийгмийн олон салбарт төгсөгчид маань нэр төртэй хөдөлмөрлөж, суралцаж буй оюутнууд маань сурлага, спорт, урлагийн амжилт бүтээл арвинтай байж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явдагт нь бид бүхэн талархалтай байдаг билээ.
Манай нэрийн хуудас болсон төгсөгчдийн 90 шахам хувь нь тодорхой ажил эрхэлж, олон зуун төгсөгчид салбартаа хариуцлагатай алба хашиж, олон арван төгсөгчид өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд суралцаж, бас зарим төгсөгчид тухайн орны мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч, үндэстэн дамнасан компаниудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаад нь бид бахархаж байна.
Түүнчлэн 2017 онд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, 2020 онд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 олон улсын стандартуудыг их, дээд сургуулиудын хэмжээнд хэрэгжүүлсэн анхны их сургууль болсныг дуулгахад таатай байна. Мөн орчин үеийн жишигт нийцсэн хичээлийн болон оюутны байр, спорт заал, номын сан, лабораториуд, мэдээлэл технологи, цахим сургалтын дэд бүтцийг хөгжүүлсэн байгаа тул сурч мэдэхийг хүсч манай сургуулийг зорин ирсэн хэн бүхэнд ая тухтай суралцах боломж бололцоог бид олгож байна.
Манай хамт олон:
гэсэн үнэт зүйлийг бий болгож ирсэн нь Мандахчууд бидний хамгийн чухал ололт мөн. Энэ бол манай сургуульд ажиллаж буй, сурч буй, төгсөж буй хэн бүхний эрхэмлэх үнэт зүйл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ үнэт зүйл биднийг сургуулийнхаа Алсын хараа болон Эрхэм зорилгодоо хүрэхэд хөтлөгч нь, чигийг заагч нь байсан, цаашид байсаар байх болно.
Эрдэм номын буян мандан бадарч сайн, сайхан үйлс дэлгэрч байх болтугай.
Захирал: Монгол Улсын гавьяат багш, профессор Г. Нанжид