Мандах их сургуулийн оютунууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2026 оны 10-р сарын 28-аас 11-р сарын 01-ний хооронд Халла, Санмён, Хансон их сургуулиудад очиж танилцах аялал хийлээ.
Энэхүү танилцах аяллын зорилго нь оюутнууд тус сургуулиудын орчин нөхцөл, оюутны байр, оюутны үйлчилгээ, номын сантай танилцан цаашид хамтарсан хөтөлбөрт суралцах, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж олгоход оршиж байна.
Тус үйл ажиллагаанд Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М.Хүдэрням, Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Р.Халиунаа, Санхүү, банк хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Э.Батбилэг, Бизнесийн удирдлагын англи хэлний хөтөлбөрийн 2-р түвшний оюутан У.Түмэн-Өлзий нар оролцлоо.
Р.Халиунаа: Солонгосын их сургуулиудын сургалтын орчин, оюутнуудад олгодог боломж, хөтөлбөрийн онцлогтой биечлэн очиж танилцсандаа баяртай байна. Сургууль бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байсан нь сонирхолтой байсан.
Э.Батбилэг: Солонгос улсын их сургуулиуд нь маш эмх цэгцтэй, цэвэрхэн, сурах орчин бүрэн бүрдсэн, маш тухтай санагдлаа. Биднийг багш, ажилчид нь маш найрсаг, халуун дотноор угтан авч сургуулиа танилцуулж байсан.
М.Хүдэрням: Солонгос улсын 3 сургуультай танилцлаа. Эхнийх нь Халла их сургууль байсан. Сөүл хотоос нэлээн зайтай байрладаг, технологи, хиймэл оюун чиглэлээр гүнзгийрсэн, оюутнуудын сурах үйлсийг их дэмждэг санагдсан. Дараагийн сургууль нь Санмён их сургууль байсан. Урлаг, бизнес, технологийн чиглэлээр түлхүү гүнзгийрсэн байв. Харин Хансон их сургууль технологи, бизнес, тэр дундаа оюутнуудын гарааны бизнесийг дэмжиж, оюутан төвтэй ажилладаг сургууль санагдсан. Эдгээр сургуулийн хичээлийн танхим, оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүх орчин бүрдсэн байсан нь их таалагдсан.
У.Түмэн-Өлзий: Хичээл хийх таатай орчныг бүрдүүлэхийг хичээдэг нь их гоё санагдсан. Сургууль дотроо study cafe байсан нь маш их таалагдсан. Оюутнуудад зориулсан олон төрлийн амрах өрөөнүүд нь бас маш гоё. Кампусын орчинд мөн ногоон байгууламж ихтэй болохоор илүү тухтай, таатай байсан. Солонгос улс ерөнхийдөө монголтой төстэй болохоор тийм ч их соёлын болоод харилцааны зөрүү үүсгэхээргүй санагдсан. Маш хурдан дасан зохицоод амьдрах боломжтой нь их дажгүй санагдлаа.
Мөн оюутнууд БНСУ-ын Санмён их сургуульд 2+2 хөтөлбөрөөр сурч буй Б.Баярсолонготой уулзаж, хос хөтөлбөрөөр суралцахад юуг анхаарах, ямар давуу талуудтай болох талаар ярилцлаа.
Б.Баярсолонго: Санмён их сургууль нь Бизнесийн удирдлага, санхүү, урлагийн чиглэлээр БНСУ-даа дээгүүрт ордог сургууль учир би тус сургуулийг сонгосон. Манай сургууль Сөүл болон Инчон гэсэн хоёр кампустай. Би Сөүл кампуст сурдаг. Сургууль уулын орой дээр байдаг нь их гайхашруулсан. Ер нь солонгост их сургуулийн кампусууд уул дээр байдаг. Хос хөтөлбөрөөр суралцахын давуу тал нь төгсөөд хоёр сургуулийн дипломтой болж төгсөнө. Тиймд та бүхэн ч бас 2+2 хөтөлбөрөөр суралцаарай.
Цаашид энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэн БНСУ-ын хамтын ажиллагаатай их сургуулиудын оюутнууд Мандах их сургууль дээр ирж танилцахаар боллоо.