Мандах их сургууль хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Үндэсний статистикийн хороотой байгуулсан санамж бичгээ шинэчлэн, 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Мандах их сургуульд зохион байгуулагдаж, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа тэргүүтэй төлөөлөгчид, Мандах их сургуулийн ректор, профессор Г.Нанжид тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, хамтран ажиллах үндсэн чиглэлүүдээ тодорхойлов.
Хоёр байгууллага дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
· Оюутны дадлага, ажлын байр: Оюутны дадлага болон төгсөгчдийн ажлын байрыг дэмжих;
· Өгөгдөлд суурилсан судалгаа: ҮСХ-ны мэдээллийн санг ашиглан сургалт, судалгааг бодит өгөгдөлтэй уялдуулах;
Хамтарсан судалгаа: Хоёр талаас хамтарсан судалгаа явуулах;
· Сургалт, мэргэжлийн оролцоо: ҮСХ-ны мэргэжилтнүүдийг сургалт, хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцуулах;
· Эрдэм шинжилгээ, мэргэшүүлэх сургалт: Хамтарсан эрдэм шинжилгээний хурал, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;
· Оюутны тэмцээн, уралдаан: Статистик мэдээлэлд суурилсан олимпиад, тэмцээн хамтран зохион байгуулах;
· Судалгаа, арга зүй: Статистик, санхүүгийн тайлангийн арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, зөвлөмж боловсруулах;
· Мэргэжлийн арга хэмжээ: Статистикийн чиглэлийн арга хэмжээнд хамтран оролцох;
· Хүний нөөцийн хөгжил: ҮСХ-ны албан хаагчдыг магистр, доктор болон мэргэшүүлэх сургалтад суралцахад дэмжлэг үзүүлэх.
Шинэчлэн байгуулсан санамж бичиг нь статистик мэдээлэл, бодит өгөгдөлд суурилсан сургалт, судалгааг хөгжүүлэх, оюутнуудын практик ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой юм.
Мандах их сургуулийн удирдлага



