“Гадаад хэлний сургалтын онол, арга зүйн семинар – 2021”-ыг амжилттай зохион байгууллаа.

A- A A+
“Гадаад хэлний сургалтын онол, арга зүйн семинар – 2021”-ыг амжилттай зохион байгууллаа.

Мандах их сургуулийн Гадаад хэлний тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Гадаад хэлний сургалтын онол, арга зүйн семинар – 2021” сэдэвт онол, арга зүйн семинарыг Zoom платформ ашиглан цахим буюу “Webinar” хэлбэрээр 2021 оны 3 сарын 27-ны өдөр 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус сургуулийн захирал, профессор Г. Нанжид семинарыг нээж хэлсэн үгэндээ семинарын цар хүрээ тэлж оролцогч, сонирхогчдын тоо өсч байгаа болон одоогийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа нь магадгүй илүү чанартай, хүртээмжтэй байлгахад давуу тал болж байгааг дурьдаад гадаад хэлний сургалтын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа эрдэмтэн судлаач, багш нарыг идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлж буйд нь талархлаа илэрхийлж, семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Уг семинарт Монгол улсын их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн төлөөлөл 300 гаруй эрдэмтэн судлаач, профессор багш нар оролцож англи хэлний сургалтанд тулгамдаж буй асуудал, түүнийг сайжруулах арга зам, орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт технологийн талаар практикт суурилсан судалгааны үр дүнгээ хэлэлцэн, арга туршлагаа хуваалцахын зэрэгцээ цаашдын хамтын судалгаа, сургалтын талаар санал бодлоо солилцлоо.

Семинарт зарим зочин илтгэгч нар АНУ-аас холбогдон илтгэл хэлэлцүүлсэн онцлог байлаа. Семинарт МУИС-ийн Доктор (Ph.D), профессор Н. Нансалмаа “Хэл сурахуй:Орчин үеийн чиг хандлага”, МУБИС, НХУС-ийн Доктор (Ph.D), дэд профессор Б. Тунгалаг “Гадаад хэлний боловсролоор оюутнуудын эрдэм-ийг хөгжүүлэх нь”, АНУ-ын Конгерессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн, Доктор (Ph.D) М. Саруул-Эрдэнэ “Хэл зүй заах уламжлалт ба шинэлэг хандлага", АНУ-ын элчин сайдын яамны хэлний зөвлөх мэргэжилтэн Scott Poteet “Мэргэжлийн англи хэлний сургалтын тухайд”, Мандах их сургуулийн багш Т. Оюун-Эрдэнэ “Танхим ба цахим хосолсон сургалтын ялгаа чиг хандлага” сэдвүүдээр эрдэм шинжилгээ судалгааны илтгэл хэлэлцүүлсэн ба АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны Англи хэлний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Т. Алтанцэцэг “АНУ-ын ЭСЯ-ны Соёл, Боловсролын хөтөлбөрүүд”-ийн талаар сонирхолтой мэдээлэл өглөө.

Хөтөлбөрийн дагуу семинарт оролцогч нар илтгэгч нараас сонирхсон сэдвээрээ асуулт асууж эрдэмтэн судлаач, багш нарын дунд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн зочин илтгэгчдэд болон нийт семинарт оролцогчдод зориулан цахим батламжийг гардуулав.

 “Гадаад хэлний сургалтын онол, арга зүйн семинар-2021”-ын зохион байгуулалт, ач холбогдол, цаашид ямар чиглэлийг хамрах, цахим хэлбэрээр зохион байгуулах нь үр дүнтэй эсэх талаар  санал асуулгад нийт оролцогчид хамрагдсан байна.

Мандах ИС-ийн ГХТ-ийн эрхлэгч Б. Баатарцогт хурлын  үйл ажиллагааг  хааж, зочин илтгэгч нар болон нийт оролцогч эрдэмтэн багш нарт хандан талархлаа илэрхийлж, ирэх жилийн семинарт дахин оролцохыг урьснаар хурлын үйл ажиллагаа өндөрлөв.

 

 

Гадаад хэлний тэнхим

Мандах Их Сургууль