Нээлтийн ёслолын үйл ажиллагааг Мандах Их Сургуулийн ректор, МУГБ, профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Эрдэмтэн багш, ажилчдадаа хичээлийн жилийн баяр хүргэж, оюутан суралцагчдадаа, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Манай хамт олон өнгөрсөн хичээлийн жилд өмнөө тавьсан зорилго зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж үндэсний хэмжээнд олон хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн.
Амжилт бүтээлийн арвин жил байлаа. Мандах Их Сургуулийн хувьд 160 гаруй эрдэмтэн багш, ажилтан 2900 гаруй оюутан, суралцагчидтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна.
Уламжлал ёсоор нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Мандах Их Сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн "Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнууд, эхний хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа.
“Манлайлагч Оюутан”тэтгэлэгт хамрагдаж 2026-2027 оны хичээлийн жилийн I улиралд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах Оюутны холбооны оюутнуудад эрхийн бичиг гардууллаа.
Мандах Их Сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд “Танил залуус” ТББ-ын “Бид ирлээ” зорилтот төслийн багтай хамтран ажиллаж, спортын амжилт гарган, ур чадвараа хөгжүүлж буй оюутнаа дэмжин ажиллаж байна.
Энэ хүрээнд сагсан бөмбөгийн спортоор гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлж, График дизайны хөтөлбөрийн 1 дүгээр түвшний оюутан Г.Мөнхбаатарт 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардууллаа.
Нягтлан бодох бүртгэл-Татварын хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Б.Пүрэвсүрэн, Санхүү, банк хөтөлбөрийн 1 дүгээр түвшний оюутан Е.Тэлмэн нар нийт оюутнуудаа төлөөлөн үг хэлж, шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Гадаад хэлний орчуулагч хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Г.Анужин ая дууны мэндчилгээ өргөн барьж, арга хэмжээнд өнгө нэмлээ.
Шинэ хичээлийн жилийн эхлэлийг бэлгэдэн дуугаргах анхны хонхыг Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Б.Оюулхагва, Санхүү, банк хөтөлбөрийн 1 дүгээр түвшний оюутан Х.Өлзийхутаг нар цохилоо.
Нийт эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан, суралцагчдад шинэ хичээлийн жилдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсье.