Хүмүүнлэгийн аян зохион байгууллаа

A- A A+
Хүмүүнлэгийн аян зохион байгууллаа

Мандах Их сургууль ISO21001:2018 боловсролын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч хамт олон бөгөөд энэхүү ажлын хүрээнд Нийгэм, тогтвортой хөгжлийн багийг шинээр байгуулан ажиллаж байна.

Тухайн байгууллагын тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэж үздэг. Өөрөөр хэлбэл, татвараа цаг хугацаанд нь төлөх, ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэдэг, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, хог хаягдлын хэмжээгээ бууруулдаг байх зэрэг юм.

Энэ хичээлийн жилд Нийгэм, тогтвортой хөгжлийн багаас нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж нь хүрч буй хүмүүсдээ өгөөжтэй байхыг чухалчилж үзэн, ажлын төлөвлөгөөгөө  нийгмийн эмзэг бүлэгт туслах, байгаль орчныг хамгаалах үйлсэд илүүтэй чиглүүлсэн юм.

Энэхүү ажлын нэг хэсэг болох нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст туслах аянаар өөрийн сургууль байрладаг БГД-ийн 16-р хорооны судалгаанд үндэслэн хагас өнчин 2 хүүхдэд тусаллаа.

Тус айл нь  Гандангийн гэр хороололд айлын хашаанд амьдардаг бөгөөд хүүхдүүдийн аав  өвчний учир ажил хийх боломжгүй, группд орж амжаагүй. Өрх толгойлсон аав 14, 9 настай эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хорооноос өгдөг хоолны талоноор амьдардаг байна.

Манай сургуулийн хамт олны сэтгэлийн хандиваар хүйтний эрч чангарахаас өмнө гэрийг нь дулаалан өглөө.

Бидэнтэй хамтран ажилласан СОДОН ДЭЛГҮҮР-ийн хамт олондоо баярлалаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

НИЙГЭМ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БАГ