Мандах Бүртгэл дээд сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гадаад хэлний тэнхимээс санаачилан төрийн болон хувийн хэвшлийн нийт их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нарыг хамруулсан “Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн анхдугаар семинарыг 2017 оны 03 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уг семинарын нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн ерөнхий захирал Профессор Г.Нанжид, Сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор(Ph.D), дэд Профессор Ч. Төрбадрах, Санхүү хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал С. Энхтүвшин нар оролцлоо. Уг семинарыг нээж ерөнхий захирал Г.Нанжид үг хэлэн, сургуулийнхаа талаар товч танилцуулга хийж, сургалт судалгааны ажилд дотоодын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, оролцоо чухал ба өрсөлдөх бус хамтдаа хөгжихийг онцлон тэмдэглээд, англи хэлний сургалтын хөгжлийн асуудлаар эрдмийн бүтээл туурвидаг эрдэмтэн, судлаач, багш нар идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлж буйд нь талархал илэрхийлээд семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү семинарт сургуулийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, багш судлаачдын бүтээлээр эмхэтгэл хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Оролцогчдоос асуулга-судалгаа авахад семинарын үйл ажиллагаанд өндөр сэтгэгдэлтэй байсан төдийгүй цаашид энэ чиглэлийн сургалт, судалгааг тогтмол зохион байгуулах, зөвлөмж, үр дүнгээ бодлогын түвшинд хүргэхэд дэмжин оролцох болно гэдгээ илэрхийлж байлаа. Эдгээр санал, хүсэлтийг нэгтгэн арга зүйн зөвлөмж гаргаж их, дээд сургуулиудад хүргүүлэхээр ажиллаж байна.
Уг семинарт илтгэл тавьсан болон оролцсон эрдэмтэн багш судлаачдад сургуулийн захиргаанаас батламж гардуулж амжилт хүслээ.