Мандах бүртгэл дээд сургууль 25-н жилийн ойгоо тохиолдуулан “Мандах-2017” Олон улсын эрдэм шинжилгээний III бага хурлыг ММНБИ –тэй хамтран 2017 оны 05 дугаар сарын 26-27 өдрүүдэд Corporate Hotel –ийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Нягтлан бодох бүртгэл, Аудит, Банк санхүү, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэг, Хэл шинжлэлийн чиглэлээр 40 шахам илтгэл ирүүлснээс 17 илтгэлийг хэлэлцэж, ирсэн бүх илтгэлийг шүүн тунгааж эмхэтгэл болгон хэвлүүлж олны хүртээл болголоо.
Энэ удаагийн Олон Улсын хуралд тус сургуультай хамтын ажиллагаатай ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засаг, төрийн үйлчилгээний их сургуулийн Калуга дахь салбар сургууль, Японы Тохоку болон Конан их сургууль, Тайландын Махасарахам их сургууль, БНСУ-ын Кёнги их сургуулиудын 6 профессор илтгэл тавьснаас гадна Сангийн Яам, Мандах Бүртгэл дээд сургууль, МУИС, ШУТИС, ХААИС, БХИС зэрэг дотоодын их сургуулиудын эрдэмтэн, профессорууд илтгэлээ хэлэлцүүллээ.
Илтгэлүүдэд улс орны нийгэм эдийн засаг, ялангуяа бүртгэл санхүү, дээд боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцэх, бусад орны судлаач эрдэмтдийн танилцуулж буй илтгэлийг сонсож, харилцан санал солилцох, туршлагаа хуваалцах сайхан боломж олгосон хурал боллоо.
Хуралд урилгаар нийтдээ 120 гаруй эрдэмтэн багш, судлаачид оролцож, санал бодлоо хуваалцаж, хурлын ач холбогдол, зохион байгуулалтыг өндрөөр үнэллээ.
Зохион байгуулах комисс