Мандах Бүртгэл дээд сургуулийн үе үеийн төгсөгчдийн уламжлалт уулзалт, онол практикийн семинар 2017 оны 6 сарын 3-ны өдөр Корпорейт зочид буудлын Улаанбаатар хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалт нь сургуулийн 25 жилийн ой, 2 дах төгсөлтийн 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог байлаа.
Уулзалт, онол практикийн хуралд анхны төгсөгч “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг “Нягтлан бодох бүртгэл ба алтан гурвалжин” сэдвээр, Бизкон аудит ХХК-ын мэргэжилтэн Ц.Шүрэнцэцэг “Мэргэшсэн дотоод аудитор, мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч” сэдвээр, 2011 оны төгсөгч ММНБИ-ийн Стандартын хэлтсийн менежер Ч.Мөнхбаяр “СТОУС-ын хэрэглээ дэлхий дахинд” сэдвээр тус тус илтгэл тавьж төгсөгчиддөө шинэ мэдээлэл хүргэлээ.
Арга хэмжээний үеэр сургуулийн анхны багш нарын нэг, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор профессор Ц.Ядамсүрэнд Эрдмийн зөвлөлийн 2017оны 05сарын 28-ны өдрийн №8 тоот шийдвэрээр “ Хүндэт профессор” цол олгосныг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Энэ удаагийн уулзалт семинарт 1997 оны эчнээ ангийн төгсөгчдийн төлөөллөөс гадна 1996, 2000, 2007, 2008, 2013, 2014, 2015, 2016 оны төгсөгчдийн төлөөлөл ирж сургуульдаа мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ.
Төгсөгчид та бүхэндээ, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн үргэлж манлайлагч байдагт тань бид үргэлж бахархдаг бөгөөд та бүхний цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсье.