Мандах Их Сургууль Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт Мандах Их Сургуулийн Захирал Г.Нанжид, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Төслийн Менежер Б.Хишигсүрэн нар гарын үсэг зурлаа.
Мандах Их сургууль Хөгжлийн Шийдэл ТББ-ын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус сургуулийн оюутнуудад Бизнес санааг гаргах, Бизнес загвар болон төсөл хэрхэн боловсруулах, нийгмийн Энтрепренёршипийг хөгжүүлэх зэрэг сургалтуудыг зохион байгуулахаас гадна гарааны бизнесийг эхлүүлэх, бизнесийн шинэ санаа дэмжих, тэднийг ирээдүйн Нийгмийн Энтрепренёрууд болгон хөгжүүлэхэд туслах юм.
Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 онд Лондон хотод төвтэй Youth Business International Олон улсын байгууллагын гишүүнээр элсэн “Залуусын Бизнесийг Дэмжих Санаачилга” хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь 18-35 насны залуусыг нийгмийн Энтрепренёр болгон хөгжүүлж бизнес эрхлэх, түүнийг дэмжин ажиллах зорилготой юм.
Дэлхийн Энтрепренёруудын өдрийг жил бүрийн 11-р сарын гурав дахь долоо хоногийн мягмар гарагт тэмдэглэдэг.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ нь салбар оффисын нээлтээ 2018 оны 11 сарын 23-ны өдөр Мандах Их Сургуулийн Б блокийн 3-р давхарт зохион байгуулахаар боллоо.
Сургуулийн захиргаа
2018.11.20