Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

A- A A+
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх их, дээд сургуулийн 1-6 дугаар дамжааны 28 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэгээ олгоcны дотор Мандах Их Сургуулийн НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г. Мөнхтүвшин, Дархан-Уул аймгийн салбар сургуулийн НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Э.Ганзориг нар тэтгэлэг хүртлээ.

Г. Мөнхтүвшин, Э.Ганзориг нар нь Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлан Төрийн ордоны хүндэтгэлийн танхимд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс батламж тэмдэг, мөнгөн тэтгэлэгээр шагнуулснаа гардан авлаа.

Тэтгэлэг гардуулах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшлийн гол хүч нь өндөр мэдлэг, боловсрол бүхий залуучууд байсаар ирсэн. Тиймдээ ч манай Засгийн газар зөв зохистой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.

Та бүгдийн амжилтаар өнөөдөр эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон дадалжуулсан хүмүүстээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" хэмээв. 

Мөн тэрээр шударга нийгмийг цогцлоох, тогтвортой хөгжлийг манлайлах, шинэчлэлийг түүчээлэх эрхэм үүргээ бүрэн ухамсарлан ойлгож, эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээ шийдэл болгон дэлгэрүүлээрэй хэмээн оюутан залууст захилаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн Г. Мөнхтүвшин, Э.Ганзориг нартаа баяр хүргэж, цаашдын мэдлэг боловсрол, сайн үйлс, авъяас чадвараа улам хөгжүүлэн олон шилдэгүүдийг төрөн гарахад үлгэрлэн манлайлахыг хүсье.

Сургуулийн захиргаа

2018.11.27