Моннис групп нь 2007 оноос хойш эхлэн тасралтгүй сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж иржээ.
“Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Мандах Их Сургуулийн НББ-Аудит хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, НББ-Банк хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан О.Сарангуа, НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Г.Наранцацрал нар шалгаран тэтгэлэг хүртлээ.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 120 гаруй оюутныг хамруулан сургалтын төлбөрийг 100%-ийн тэтгэлгийг олгосон юм байна.
“Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог байна.
Сурах их үйлсийг эрхэм болгож, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 3 оюутандаа баяр хүргэж, амжилт хүсье.
Сургуулийн захиргаа