“Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-д Мандах Их Сургуулийн төлөөлөл оролцлоо

A- A A+
“Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-д Мандах Их Сургуулийн төлөөлөл оролцлоо


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж, Монголын банк санхүүгийн салбар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 800 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

Энэхүү чуулганд Санхүү банкны эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Энхжаргал “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх”, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ядуурал, ажилгүйдэл, санхүүгийн боловсрол” сэдвээр илтгэл тавьж, дараах 4 сэдвээр панел хэлэлцүүлэг хийгдлээ. Үүнд:

  1. Олон нийтийн санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгийн байгууллагаас баримталж буй бодлого, чиглэл
  2. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас эмэгтэйчүүдийг дэмжин хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, үр дүн туршлага
  3. Санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал
  4. Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж

Тус чуулганд Мандах их сургуулийн захирал Г.Нанжид, захирлын ажлын албаны дарга С.Энхтуяа, нягтлан бодогч Б.Болор-Эрдэнэ, багш А.Наранцэцэг, С.Мөнхцэцэг, Т.Золбоо, III дамжааны оюутан М.Батчимэг, А.Анударь нар оролцлоо.  

Мандах их сургуулийн захирал Г.Нанжид боловсролын салбарыг төлөөлөн “Санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал” хэлэлцүүлэгт панелистаар оролцсон бөгөөд тэрээр “Удирдах албан тушаалд байгаа хүн л зөвхөн манлайлагч байх төдийгүй,  хариуцсан ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй ханддаг, хамт олноосоо суралцдаг, бие биенээ хүндэтгэдэг, асуудлыг цогцоор нь зөв шийдвэрлэх гарцыг олж чаддаг, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй байх зэрэг чадваруудыг эзэмшиж ажлаа сайн хийж байгаа хүн бүр манлайлагч юм.” хэмээн чуулганы үеэр онцолж хэлсэн юм.