Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг Мандах Их Сургуульд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцах уулзалтыг Мандах Их Сургууль санаачлан, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн /БМИҮЗ/ дэмжлэгтэйгээр 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд 28 их дээд сургуулийн чанарын баталгаажуулалт болон хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан 40 гаруй мэргэжилтнүүд оролцож, чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын талаарх ойлголт, мэдлэгийг олж авсны зэрэгцээ олон улсын стандартыг нэвтрүүлэхэд шаардагдах бэлтгэл ажил, хэрэгжүүлэх үйл явц, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Уулзалтыг нээж, Мандах Их Сургуулийн захирал, профессор Г. Нанжид хэлсэн үгэндээ “ISO стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагааг уялдаа холбоонд нь төлөвлөх, удирдах, хянах, сайжруулах, үйл явцыг тогмолжуулах, чанаржуулахад өндөр ач холбогдолтой бөгөөд тухайн хамт олон байгууллагынхаа хөгжил, дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор нэгдэн ажиллахад хөшүүрэг болдгоороо чухал ач холбогдолтой. Мөн энэхүү стандартыг нэвтрүүлснээр үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг ханган биелүүлэхэд ихээхэн дөхөм болдог давуу талтай” гэдгийг онцлон тэмдэглээд “Дээд боловсролын байгууллагуудын үндсэн зорилго бол монголын ирээдүй болсон залуучуудыг өндөр боловсролтой боловсон хүчин болгон бэлтгэх явдал юм. Тиймээс өнөөдөр нэгэн зорилготой ажилладаг та бүхэнтэй олон улсын стандартыг сургууль дээрээ нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо солилцож байгаа юм” гэлээ.
БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж. Ариунболд хэлсэн үгэндээ “Дээд боловсролын байгууллагын орц нь ЕБС-ын төгсөгч нар байдаг. Тиймээс сайн орцыг дээд боловсролын байгууллагад бэлтгэж өгөх хүрээнд ЕБС-иудыг магадлан итгэмжлэх шаардлага хэрэгцээ гарч ирсэн ” хэмээн онцлоод БМИҮЗ-өөс магадлан итгэмжлэлийн гарын авлагыг эрхлэн гаргасан болон чанарын дотоод баталгаажуулалтын гарын авлагыг орчуулан хэвлүүлсэн түүнчлэн боловсролын байгууллага бүр дотоод чанарын албатай болох тухай зөвлөмж гарсан зэрэг мэдээ мэдээллийг өгч, энэхүү ач холбогдол бүхий уулзалтыг зохион байгуулсан Мандах Их Сургуульд талархлаа илэрхийлж, номын дээжээсээ гардууллаа.
Уулзалтын төгсгөлд оролцогч байгууллагын төлөөлөгчдөд Мандах их сургуулиас ISO 9001:2015 олон улсын стандартыг өөрийн сургууль дээр хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн хэвлэн гаргасан ISO 9001:2015 чанарын гарын авлагыг гардуулан өглөө.