Мандах Их Сургууль эрдэмтэн багш, мэргэжлийн байгууллагын судлаач болон оюутнуудыг хамруулсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг уламжлалыг бий болгосон. Үүний нэг нь олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Бид энэхүү олон улсын хурлыг 2012 оноос эхлэн 2 жил тутам тогтмол зохион байгуулж байна.
Дөрөв дэхь удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний МАНДАХ-2019 хурлыг Корпорэйт зочид буудлын Улаанбаатар их танхимд 2019 оны 5-р сарын 24-нд амжилттай зохион байгуулалаа.
Тус хуралд ОХУ-ын Буриадын их сургууль, АНУ-ын Мичиганы их сургууль болон Auburn-ийн их сургууль, Хорват улсын Загребийн их сургууль болон North University, БНСУ-ын Handong Global University, Унгар улсын Debrecen University болон Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар болон МУИС, МУБИС, СЭЗИС, ХУИС зэрэг дотоодын томоохон их сургуулиуд, төрийн ба төрийн бус байгууллагын эрдэмтэн багш, судлаач нар оролцлоо.
Энэ удаагийн хурал тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бизнесийн удирдлага, боловсрол, хүмүүнлэг, мэдээллийн технологийн чиглэлийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн 20 гаруй сонирхолтой илтгэлүүд тавигдаж, оролцогчид идэвхитэй оролцож, олон сонирхолтой асуултуудыг илтгэгч нараас асууж тодруулж байлаа.
Уг хурлыг зохион байгуулснаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаач нар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тухайн улс орны судалгааны ажлын чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцох, мэдлэгээ хуваалцах чухал ач холбогдолтой боллоо.