Ази, Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллагаас Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд чанарын баталгаажуулалт хийх ажлын хүрээнд тус байгууллагаас газар дээр нь ирж шалгах комиссын гишүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн харилцагч байгууллагын талуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцахаар Номхон далайн орнуудын чанарын сүлжээний дэд ерөнхийлөгч Анжела Юнг-Чи Хоү, Ази,Номхон далайн орнуудын чанарын бүртгэлийн дарга Жаганнат Патил, АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлийн дэд захирал Диана Халлеруд зэрэг бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шинжээчид болон Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал Ж. Ариунболд тэргүүтэй мэргэжилтнүүд 2019 оны 6-р сарын 4-ний өдөр Мандах их сургууль дээр ажиллалаа.
Мандах их сургуулийн захирал, профессор Г. Нанжид сургуулийнхаа үйл ажиллагаа болон сургалт, эрдэм шинжилгээ судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа Мандах их сургуулийн видео танилцуулгыг комиссын гишүүдэд үзүүлэв. Мөн энэ үеэр Мандах их сургууль дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоо болон чанарын удирдлагын ISO9001:2015 стандартыг хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Шинжээчдийн зүгээс Мандах их сургууль болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хоорондын ажлын уялдаа холбоо, магадлан итгэмжлүүлэхийн ач холбогдол, ахиц дэвшил, санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангаж ажилладаг талаар асууж лавлан тодорхой хариултыг авлаа.
Хяналтын комиссын гишүүд болон Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны гишүүд Мандах их сургуулийн шинэ цогцолбор барилгатай танилцаж, орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон анги танхим, номын сан, спортын заал, цайны газрыг үзэж сонирхоод, багш, оюутнуудын ажиллах болон суралцах таатай орчин бүрдсэн байгааг хараад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Сургуулийн захиргаа