Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

A- A A+
Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ


Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэдэх дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын 18 байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсролын 9 хөтөлбөр, дээд боловсролын сургалтын байгууллагын 36 хөтөлбөрт 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагт Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд гэрчилгээ гардууллаа. Уг арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Ариунболд, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргалан, Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Энхээ, сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцлоо.

Уг ёслолын ажиллагаанд Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Ч.Төрбадрах, хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Мөнхбат нар оролцон Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрийн 3 дахь удаагийн  магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ ёслол төгөлдөр гардан авлаа.

Мандах Их Сургууль 1992 оноос нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр чанартай сургалт явуулж,  чадварлаг  мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд уг хөтөлбөр  өмнө нь 2006, 2012 онуудад үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн байна.

Ёслолын үйл ажиллагааг БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд нээж хэлсэн үгэндээ  "Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөр улсын хэмжээнд 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж байгаа анхны шилдэг хөтөлбөр" болохыг онцлон тэмдэглэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр элсэлт авч байгаадаа Мандах Их Сургуулийн хамт олон баяртай байна.

Магадлан итгэмжлэлийг амжилттай хийлгэсэн сургуулийн нийт хамт олон, ажлын хэсэгт  талархал илэрхийлж амжилт хүсье.

Сургуулийн захиргаа