Мандах Их Сургуулийн захирал Г. Нанжид хамт олондоо цахим мэндчилгээ дэвшүүллээ.
Манлайлагч Мандахчууд та бүхэндээ түүхт өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүрийн 05 дугаар сарын 08 бол бидний хувьд сургууль байгуулагдсан баярын өдөр байдаг. Энэ жил сургуулийн маань 28 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн баяр цар тахалтай хүнд үед тохиож байгаад харамсалтай байна. Гэвч манай хамт олон болон Монголын олон түмэн маань энэхүү хүнд цаг үеийг эндэлгүй давж, амар тайван сайхан цагтай удахгүй золгоно гэдэг итгэлтэй байна.
Манай хамт олон энэ хичээлийн жилийн II улирлын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай тасралтгүй явуулж байна. Манай багш нар хичээлээ тасралтгүй амжилттай явуулахын тулд ихээхэн хүчин чармайлт, цаг хугацааг зарцуулж уйгагүй ажиллаж байгаад нийт оюутнуудынхаа өмнөөс талархал дэвшүүлье.
Бид цахим сургалт эхэлснээс хойш 2 удаа оюутнуудаасаа сэтгэл ханамжийн судалгааг авлаа. Судалгаагаар цахим сургалт нь олон давуу талтай байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал:
Гэртээ тав тухтай байж, санхүүгийн хувьд хэмнэлттэй байна. Бие дааж суралцах чадвар эзэмшиж байна. Цагийн менежментээ хүссэнээрээ хийж, өөрийгөө хөгжүүлэх болон цагийн ажил хийх боломж гарч байна. Хаанаас ч хичээлээ авах боломжтой цагт баригдахгүй байна. Хичээлээ давтан үзэх боломжтой. Live хичээл болон багш нартайгаа шаардлагатай үед холбогдон зөвлөгөө авдаг гэх мэт олон давуу талыг дурьдсан байна.
Харин сул тал нь:
Интернэтгүй, интернэттэй газраас хол байгаа хөдөөний хүүхдүүдэд бэрхшээлтэй байна. Интернэттэй газар очиж хичээлээ авах, хэд хэдэн өдрийн хичээлийг бөөнөөр нь авах Эсвэл уул, өндөрлөг газар очиж интернэтэд холбогдох LIVE хичээлд тухай бүр оролцож чадахгүй байх, багш нартайгаа биечлэн уулзаж зөвлөгөө авч чадахгүй байгаа зэрэг бэрхшээл гарч байгааг дурьдсан байна.
Гэхдээ хүүхдүүд маань хичээж, чармайж байгаа нь харагдаж байна. Бид бүх хичээлээр ирцийг 7 хоног бүр авч байна. Хичээлийн ирц 90-98% байгаа нь сайн үзүүлэлт гэж үзэж байна.
Мөн олон оюутнууд хичээлээ цаг хугацаанд нь явуулж, хариуцлагатай хандаж, зөвлөгөө тайлбарыг тухай бүр оруулж, бидэнтэй хэдийд ч холбогдож зөвлөгөө өгч байгаад баярлалаа гэсэн олон талархал ирснийг багш нартаа дуулгахад таатай байна. Ингээд хичээлийн сул болон сайн талын талаарх саналаа ирүүлсэн нийт оюутнууддаа баярлалаа.
Манай хамт олон 28 жилийн ойдоо багагүй амжилтаар бэлэг барилаа. Тухайлбал:
Цахим сургалтыг бүх шатандаа амжилттай явуулах туршлагаа бататгаж байна. Сургалтын программ хангамжаа хөгжүүлж байна. Сервер болон тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлж цахим хичээл явуулах танхим байгууллаа. Мөн хичээлийн С байрыг барьж байгуулж, ашиглалтанд орууллаа. Сургуулийн ойролцоо 1 өрөө орон сууц бүхий оюутны байртай боллоо. Шинээр бизнесийн удирдлага, маркетингийн менежмент мэргэжлээр урьдчилсан магадлан итгэмжлэлийг амжилттай хийлгэж ирэх хичээлийн жилээс элсэлт авахаар боллоо. Санхүүгийн менежмент хөтөлбөрөө анх удаа магадлан итгэмжлүүлэхээр тайлангаа хүргүүллээ. Мөн тэнхимүүд мини олимпиадуудаа цахимаар амжилттай зохион байгуулж оюутнууд идэвхтэй оролцож байна.
гэх мэт олон сайхан амжилт бүтээлээр ойгоо угтлаа. Бид энэхүү 28 жилийн ойн өдөр, 2022 онд тохиох 30 жилийн ойгоо амжилт ололтоор дүүрэн угтах 2 жилийн ажлын төлөвлөгөө баталлаа. Энэхүү төлөвлөгөөг үндэслэн бүх алба нэгж багш, ажилтан, оюутан та бүхэн 2 жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, сургуулийнхаа түүхэн 30 жилийн ойдоо сурлага хөдөлмөрийн шинэ шинэ амжилтаар бэлэг барихыг уриалж байна.
Нийт оюутнууддаа анги дэвших болон төгсөх шалгалтандаа чармайн бэлтгэж, амжилт гаргахыг хүсье.
Нийт Манлайлагч Мандахчууд та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. Баярлалаа.
Мандах Их Сургуулийн захирал Профессор Г.Нанжид
2020.05.08