“БОНЗ БА ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТОДРУУЛГЫН СТАНДАРТ” ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“БОНЗ БА ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТОДРУУЛГЫН СТАНДАРТ” ФОРУМ  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 5 дугаар сарын 4

Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургууль нь “Тогтвортой хөгжлийн зорилт–2030”-ын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Тогтвортой хөгжлийн долоо хоног” аяныг 2026 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 1-ний хооронд амжилттай явууллаа. Тус аяны хүрээнд багш, ажилтнууд, оюутан суралцагсад болон хамтрагч байгууллагуудыг хамруулан тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, чанартай боловсролыг дэмжих зорилгоор төрөл бүрийн тэмцээн, олимпиад, сайн үйлсийн аян зэрэг олон ажлыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн аяны онцлох үйл ажиллагааны нэг болох “Тогтвортой байдлын тодруулгын стандарт болон БОНЗ тайлагнал” сэдэвт форумыг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Форумын хүрээнд Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын тайлагналын ач холбогдлыг онцлон авч үзэж, Монгол Улсад тогтвортой байдлын тодруулгын стандартыг хэрэгжүүлэх бэлэн байдлын үнэлгээ, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцсэн нь онцлог байв.

Форумд салбарын мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүнд:

  • “Бизнесийн тогтвортой шилжилт ба БОНЗ (ESG) хэрэгжилт” сэдвээр Тогтвортой санхүүжилтийн ТББ-ын стандарт, баталгаажуулалтын менежер Г.Болормаа;
  • “БОНЗ-ын эрсдэлийн удирдлага” сэдвээр Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Ануужин;
  • “Мандах ИС-ийн БОНЗ-ын суурь үнэлгээний танилцуулга” сэдвээр Мандах их сургуулийн багш, доктор, дэд профессор А.Наранцэцэг;
  • “Тогтвортой байдлын тодруулгын стандартын бэлэн байдлын үнэлгээ, замын зургийн төсөл” сэдвээр Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх С.Оюунсоймбо (CGMA) нар тус тус илтгэл тавьж, оролцогчдод үнэтэй мэдээлэл хүргэлээ.

Тус форумд Мандах их сургуулийн төгсөгчид, хамтрагч байгууллагууд, багш, ажилтнууд, оюутнууд болон сонирхогч байгууллагууд өргөнөөр оролцож, харилцан туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.