АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

A- A A+
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ахисан түвшний сургуулийн докторант, магистрантуудын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мандах Их Сургуулийн номын сангийн 2 дугаар давхарт амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд нийт 15 магистрант өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, Ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа, Эдийн засаг, бизнесийн тэнхимийн эрхлэгч, ахлах багш, доктор Л.Гүнжаргал нар ажиллав.

Хурлын үндсэн зорилго нь магистрантуудын судалгааны ажлын онол, арга зүйн үндэслэл, шинэлэг байдал, судалгааны загварын боловсруулалтын түвшинг урьдчилан үнэлэх, улмаар академик шаардлагад нийцүүлэхэд чиглэсэн мэргэжлийн зөвлөмжөөр хангахад оршив.

Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд оролцогч магистрантуудын судалгааны сэдэв илүү тодорхой, оновчтой болж, судалгааны онол, арга зүйн түвшин болон академик бичлэгийн чанар мэдэгдэхүйц сайжирсан нь ажиглагдлаа. Мөн батлагдсан судалгааны сэдвүүд магистрын түвшний шаардлагад илүү нийцэж, цаашид дипломын ажил хамгаалах шатанд шилжих боломж бүрдсэн байна.

Комиссын зүгээс судалгааны ажлын шинэлэг санаа, гүйцэтгэлийн чанарыг үнэлэн гурван магистрантыг урамшуулан сургуулийн гарын бэлгийг гардууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь докторант, магистрантуудын судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, цаашдын судалгааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Цаашид уг хурлыг тогтмол зохион байгуулж, ахисан түвшний суралцагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.