“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ИННОВАЦ” СЭДЭВТ СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ИННОВАЦ”  СЭДЭВТ СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс санаачлан цувралаар хийж байгаа “Боловсрол ба инновац” сэдэвт цуврал симпозиумын энэ удаагийн дугаарыг Мандах их сургууль хамтран “Нягтлан бодох бүртгэлийн инновац”  сэдэв дор 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

 Симпозиумд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага болон төлөөлөл, их сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид, ажил олгогчдын төлөөлөл оролцсон өргөн хэлэлцүүлэг боллоо.

Симпозиумыг нээж БМИҮЗ-ийн захирал доктор, дэд профессор Б.Амарсанаа тус симпозиумын зорилго, хүрэх үр дүнгийн талаар танилцуулав.

Симпозиумд:

  1. Доктор профессор Г.Батхуяг Code Red: Бизнесийн боловсролын ирээдүй”

  2. ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар “Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиг хандлага”

  3. ACBSP байгууллагын 8-р бүсийн дарга Денвер Григг “Бизнес ба нягтлан бодох бүртгэлийн инновац”

  4. Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал, дэд профессор Х.Нямбаяр “Нягтлан бодох бүртгэлийн боловсролын ирээдүй ба дижитал шилжилт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгээр:

  • Бизнесийн боловсролын болон НББ-ийн мэргэжлийн боловсролын чиг хандлага хэрхэн шинэчлэгдэж байгаа,

  • НББ-ийн сургалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийн шинжилгээ, үүлэн технологийг ашиглах инновацлаг арга барилын талаар нэгдсэн ойлголттой болж, туршлага солилцох,

  • НББ-ийн боловсролын олон улсын стандарт болон дижитал шилжилтэд нийцсэн НББ-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох бодит зөвлөмж болон Мандах их сургуулийн туршлага,

  • НББ, аудит, тайлагналын үйл ажиллагааг автоматжуулах болон хиймэл оюун ухааныг сургалтын явцад үр дүнтэй ашиглах арга зам,

  • Мэргэжлийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжүүлэх,

  • Үндэсний болон бүс нутгийн түвшинд НББ-ийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын үнэлгээний тогтолцоог илүү сайжруулах,

  • Мэргэжилтнүүдийн мэргэжлийн болон өрсөлдөх ур чадварыг хэрхэн сайжруулж инновацлаг болгох зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулсан хэлэлцүүлэг болсон бөгөөд оролцогчид хэлэлцүүлгийн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн болно.