ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРЛАА

A- A A+
ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРЛАА

Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” 21 дэх жилдээ шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлэг гардууллаа. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт их, дээд сургуулийн III, IV дамжааны, мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1000 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдгүүдээ тодруулсан байна. 

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд хоёр сая төгрөгийн сургалтын тэтгэлэг авахаас гадна мэргэжлийн дагуу Голомт банканд урилгаар ажиллах боломжтой. Мөн Голомт академийн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах хугацаандаа мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах давуу талтай.

Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутны тэтгэлэгт Мандах Их сургуулийн Санхүү банк хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М.Оюун-Эрдэнэ, Нягтлан бодох хөтөлбөрийн 3-р түвшний оюутан М.Болорхишиг, Б.Цэрэндулам, Мэдээллийн систем хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Анугоо нар шалгарсан байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Энэхүү хөтөлбөрт оролцох нь мэдлэгээ тэлэх, өөрийгөө сорих, цаашдын зорилгоо тодорхойлох урам зоригийн маань эхлэл байх болов уу гэсэн бодлоор материалаа илгээсэн. Сонгон шалгаруулалтад өөрт байх чадвар чансаагаа бодит кейс дээр биелүүлэх даалгавар байсан. Үе тэнгийнхнийхээ чадварлаг, оюунлаг залуустай өрсөлдөж, өөрийн давуу талаа харуулах нь илүү сорилттой байлаа.

Даалгавраа амжилттай биелүүлсний дараа хамтын ажиллагаа гэдэг ямар чухал зүйл болох, цагийн менежментээ хэрхэн зөв зохицуулах болон өөртөө итгэлтэйгээр үзэл бодлоо илэрхийлэхийн ач холбогдлыг ойлгосон чухал шалгаруулалт боллоо гэж харж байна.

 

Мандах Их сургуулийн Санхүү банкны 3-р дамжааны оюутан М.Оюун-Эрдэнэ