Мандах Их Сургууль нь Хэнтий аймаг дахь Магадлан Итгэмжлэгдсэн Политехник коллежтой хамтран ажиллахаар тохиролцож, Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, Политехник коллежийн захирал Б.Болд-эрдэнэ нар хамтын ажиллагааны санамж бичигт 2023 оны 12 сарын 01-ний өдөр гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд бакалаврын хөтөлбөрийн шаталсан сургалтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, “Механик инженерчлэл”, “Цахилгааны инженер” хөтөлбөрүүдээр тус Политехник коллежийн төгсөгчийг үргэлжлүүлэн сургаж бакалаврын боловсрол эзэмшүүлэх юм.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагад шатлан суралцахад элсэлтийн ерөнхий шалгалт өгөлгүйгээр ерөнхий болон мэргэжлийн зарим суурь хичээлүүдийн кредитийг дүйцүүлэн тооцож, сургалтын төлбөрийн хөнгөлөлтэй суралцах боломжтой юм.
Хэнтий аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Болд-эрдэнэ, Сургалтын менежер Э.Оргил тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүнтэй багш нар Мандах Их Сургуулийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл, номын сан болон мэргэжлийн лабораториудтай танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023 оны 12 сарын 01-ний өдөр