Мандах Их Сургууль ажил олгогчдын хүний нөөцийг бүрдүүлэхэд туслах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутнуудыг танилцах болон мэргэжлийн дадлага хийлгэхэд зуучлах, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой уламжлалт “JOB FAIR-2023” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 2023.10.25-нд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ өмнөх жилээс өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж ажил олгогч 35 байгууллага оролцлоо.
Энэ хичээлийн жилийн “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээний нээлтэд Мандах ИС-ийн ректор, профессор Г.Нанжид хэлсэн үгэндээ 2023 оноос “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг Голомт банктай хамтран хэрэгжүүлж эхэлснээ онцлоод бусад ажил олгогч байгууллагуудыг энэхүү хөтөлбөрт хамтран ажиллахыг уриаллаа.
Тус өдөрлөгт үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд ажиллах зорилготой Мандах Их Сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнууд идэвхтэй оролцож нээлттэй ажлын байрны ажил горилогчийн анкетыг нийт 240 оюутан бөглөсөн байна.
Мөн ажил олгогчдын төлөөлөл болон Мандах ИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нарын хооронд уулзалт хэлэлцүүлэг болсон нь өнөөгийн нөхцөлд оюутан залуусын мэдлэг, ажиллах ур чадвар, хандлага болон ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж ажиллах гэх мэт асуудлын талаар ярилцаж, тэдний саналыг сургалтын хөтөлбөрт тусган сайжруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Тус өдөрлөгийн хүрээнд оюутнуудад чиглэсэн “PRE-CAREER SKILL GROWTH” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, зочин илтгэгчээр Мандах ИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал доктор, дэд профессор О.Бурмаа, “Түмэн торго” ХХК-ны захирал Б.Очирням, “Голомт банк” ХК-ны Иргэдийн банкны газрын, Борлуулалтын хэлтсийн захирал Д.Лхагвасүрэн, “Ард секюритиз ҮЦК” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Бархас “Нексиа Глобал Монголиа Аудит” ХХК-ны партнер, татварын зөвлөх М.Энхмэнд “Монгол такс ТМЗ” ХХК-ны хүний нөөцийн менежер Э.Намжилмаа нар 3,4 -р сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, оюутнууд сонирхсон асуултанд хариулав.
Өдөрлөгт оролцсон байгууллагууддаа цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.