Мандах их сургууль болон Голомт банк ХК-ний хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх тухай хавсралт гэрээнд Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн Проректор Ч.Төрбадрах, Голомт банк ХК-ний Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга нар 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус хөтөлбөр нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” /MONGWBL/ төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд оюутны онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, ажлын байран дахь сургалтаар болон ажлын туршлагаар дамжуулан, хувь хүний болон мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэн, хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Мандах их сургуулийн оюутнуудын хувьд энэхүү хөтөлбөрт оролцсоноор эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр цалинтай ажиллахын зэрэгцээ хөтөлбөрөөрөө үргэлжлүүлэн суралцах, туршлага хуримтлуулах, байгууллагын соёлоос суралцах зэрэг олон давуу талтай юм.
Хоёр тал “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг Мандах их сургууль дээр 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.