Тайваны ВуФенг их сургуулийн төлөөлөгчид 2023 оны 5-р сарын 8-ны өдөр Мандах их сургуульд зочилж, сургуулийн удирдлагуудтай уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Вуфенг их сургуулийн ерөнхийлөгч Цай Хунг Жан, дэд ерөнхийлөгч Ли Тиен Хин, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Хунг Чао Ху нар байлаа. Тус их сургуультай Мандах их сургууль 2021 оноос эхлэн Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлээр харилцан саналаа солилцов.
ВуФенг их сургууль нь Тайваны Чиаюи мужийн Минсион хотод байрладаг бөгөөд 1965 онд байгуулагдсан, 6 бүрэлдэхүүн сургуультай, нийтдээ 21 тэнхимтэй томоохон их сургууль юм. Тус их сургуульд жилдээ 6000 гаруй оюутан суралцдаг, 165 үндсэн багштай бөгөөд үүнээс 75 хувь нь Докторын зэрэгтэй багш нар эзэлдэг.
ВуФенг их сургуулийн ерөнхий захирал Цай Хунг Жан хоёр сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ хүрээнд Мандах их сургуулийн төлөөлөгчдийг ВуФенг их сургуульд зочлон ирэхийг урьлаа. Мандах их сургуулийн захирал Г.Нанжид ВуФенг их сургуулийн удирдлагууд зочлон ирсэн явдалд талархал дэвшүүлээд, хоёр сургуулийн хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
ВуФенг их сургуулийн дэд ерөнхийлөгч Ли Тиен Хин хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хоёр сургуулийн оюутнуудад зориулсан соёлын солилцооны хөтөлбөрийг зуны хөтөлбөр болгон хэрэгжүүлэх боломжтой талаар санал дэвшүүлэв. Түүнчлэн гадаад оюутнуудад зориулсан шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон тухай танилцууллаа. Энэ нь ахлах сургуулийн төгсөгчид нэг жил мандарин хэлний бэлтгэл ангид үнэгүй суралцаад, хоёр дахь жилээс эхлэн мэргэжлээ сонгон суралцах хөтөлбөр бөгөөд Мандах их сургуулийн дэргэдэх ахлах лицей сургуулийн төгсөгчид энэхүү хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм.
Хоёр тал дээрх саналууд дээр харилцан санал нэгдэж, цаашдын хамтын ажиллагаагаа шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан зөвшилцлөө.