БНСУ-ын Чонжу хотын их сургуулийн төлөөлөгчид Мандах их сургуулийн удирдлагуудтай 2023 оны 3 дугаар сарын 17-ний өдөр уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан саналаа солилцов. БНСУ-ын Чонжу их сургууль нь Чанчон мужийн нийслэл Чонжу хотод байрладаг бөгөөд 1947 онд байгуулагдсан, бакалаврын түвшний 8 бүрэлдэхүүн сургууль, ахисан түвшний 5 бүрэлдэхүүн сургуультай, томоохон их сургууль юм. Тус их сургуульд гадаадын 800 гаруй оюутнууд суралцдаг ба БНХАУ, Вьетнам, Монгол улсаас ирсэн оюутнууд ихэнх хувийг эзэлдэг байна.
Уулзалтын эхэнд Чонжу их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын профессор Тае Жонг Мандах их сургуульд зочлон ирсэндээ талархаж буйгаа илэрхийлээд, манай сургуультай нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, банк санхүүгийн хөтөлбөрөөр 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар дурдлаа. Мандах их сургуулийн захирал Г.Нанжид сургуулийнхаа талаар товч танилцуулахдаа Мандах их сургууль гадаадын 20 гаруй их дээд сургуультай багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, туршлагаа хуваалцдаг талаар дурдаад, хоёр талын хамтын ажиллагааг дараах 3 хэлбэрээр хөгжүүлэх боломжтой талаар санал хэлэлцүүлэв. Үүнд:
Талууд Оюутан солилцооны хөтөлбөрөөр дамжуулан хоёр орны соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш, ажилтнуудаа харилцан солилцож, туршлагаа хуваалцах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд хөгжүүлэх талаар санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд хоёр тал зохих бэлтгэл ажлыг хангаад, ирэх 5 дугаар сард Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулахаар харилцан тохиролцлоо.
Зураг дээр: Зүүн гар талаас Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Ч. Төрбадрах, БНСУ-ын WorldEdupia Боловсролын хүрээлэнгийн Монгол талыг хариуцсан захирал Ж.Пүрэвханд, БНСУ-ын Чонжу их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын профессор Тае Жонг, Мандах их сургуулийн захирал Г.Нанжид, Чанарын удирдлага, зохицуулалтын албаны дарга С. Энхтуяа, Хамтын ажиллагааны ажилтан З. Булганаа, БНСУ-ын WorldEdupia Боловсролын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Чой Бюнг Кю нар