Мандах их сургууль нь төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуй нэгж компани болон 80 гаруй дотоодын байгууллагатай сургалт, семинар улсын хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээн, эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах, оюутны танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгохтой холбоотой санал санаачлагыг хэлэлцэх чиглэлээр хамтран ажилладаг.
Энэ жилээс эхлэн Мандах их сургуультай тогтвортой, найдвартай хамтран ажиллаж, сургалт судалгааны үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хамтрагч байгууллагыг оны “Шилдэг түнш байгууллага”-аар шалгаруулж, урамшуулах ажлыг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
2022 оны “Шилдэг түнш байгууллага”-ын эзнээр Номин Холдинг ХХК шалгарч, шагналыг Мандах их сургуулийн захирал, профессор Г.Нанжид тус сургуулийн Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн баярын үеэр Номин Холдинг ХХК-ний Хүний нөөцийн бодлогын газрын захирал Д.Отгоннямд гардууллаа. Мөн Мандах их сургууль болон Номин Холдинг ХХК-ний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, хүчин чармайлт гарган амжилттай ажилласан хувь нэмрийг үнэлж, Номин Холдинг ХХК-ний Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ахлах менежер Э.Сүрэнхорлоод “Талархал”, мөнгөн урамшуулал олгов. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Номин Холдинг ХХК-ний Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Оюунболд оролцлоо.