Сингапур улсад 11-р сарын 8-10-ны хооронд зохион байгуулагдаж буй Боловсрол-Технологи 2022 (EduTech Asia 2022) олон улсын боловсролын чуулга уулзалтад Мандах ИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Мэдээлэл, технологийн сургуулийн захирал Ө.Ганзориг нар оролцлоо. Уг чуулга уулзалтад оролцсоноор боловсролын байгууллагын ухаалаг технологид суурилсан ирээдүйн чиг хандлага, дэвшилтэт технологийг сургалтдаа нэвтрүүлж сайжруулах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, санал солилцох зэрэг чухал ач холбогдолтой юм.
Тус чуулга, уулзалтад дэлхийн олон орны нийт 7000 гаруй төлөөлөл оролцсон ба дэлхийд технологиор тэргүүлэгч Microsoft, Google, Intel, Adobe, Coursera, Dell, Open LMS, Academia, Edpuzzle, Anthology зэрэг компаниуд, боловсролын салбарт тэргүүлэгч сургуулиудын удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл 300 гаруй илтгэгч нар боловсролын салбар дахь дэвшилтэт технологи, түүний сургалтын хэрэглээ, боловсролын бүх шатны байгууллагын тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж, харилцан санал солилцсон. Мандах Их Сургуулийн сургалтын үйл ажиллагаандаа ашигладаг Google Workspace, Moodle системүүд нь тус үзэсгэлэнд оролцон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, сурталчилж байгаа нь бидэнд их таатай, дотно санагдлаа.
Мандах ИС-ийн төлөөлөл нь энэхүү чуулга уулзалтын дараа Сингапурын Үндэсний Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сургуулийн төв номын сангийн үйл ажиллагаатай тусгайлан танилцсан. Манай сургуулийн төлөөллийг халуун дотноор хүлээн авч, номын сангийн давхар бүрээр үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж өглөө. Тус номын сан нь 6 давхар орчин үеийн шийдэл бүхий ухаалаг системтэй ба уншигчдын тав тухтай байдлыг бүрэн хангасан, түүнчлэн багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны хурал, багийн хурал, семинар зохион байгуулах танхимуудтай юм.