Мандах их сургууль болон Япон улсын Тохоку их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус их сургуулиас 2022 оны намрын семестрын Оюутан солилцооны хөтөлбөрийг зарласан бөгөөд энэхүү хөтөлбөрт Мандах их сургуулийн Инженер-эдийн засгийн 4-р дамжааны оюутан Б. Ичинхорлоо, Нягтлан бодох бүртгэл-Англи хэлний 3-р дамжааны оюутан Л. Саруул нар оролцохоор сонгогдсон байна.
Солилцооны 2 оюутан маргааш Япон улсыг зорих гэж байгаатай холбогдуулан Мандах их сургуулийн захирал Г.Нанжид өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтанд Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Ч. Төрбадрах, Сургалтын албаны дарга С. Энхзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажилтан З. Булганаа нар оролцлоо.
Захирал Г. Нанжид Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрийн болзлыг хангаж, үе тэнгийн оюутнуудаа төлөөлөн оролцох болсонд баяр хүргэж, тэдэнд хандаж, үнэтэй зөвлөгөө өглөө. Тэрээр Японы их дээд сургуулиудын сургалтын онцлог, оюутан залуусын хандлага, тэдний суралцах арга барил техник, манай сургуулийн сургалтын арга зүйгээс юугаараа давуу, мөн юугаараа сул байгааг харьцуулж үзэх, дэвшилтэт техник технологийг сургалтандаа хэрхэн ашиглаж байгаа болон бусад орны гадаад оюутнуудтай танилцах, тэдэнтэй найзалж нөхөрлөж, өөрийн сургуулийн талаар танилцуулж, туршлагаа хуваалцах, түүнчлэн хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ буцаж ирээд өөрийн сургуулийн оюутнууддаа хуваалцахыг зөвлөлөө.
Уулзалтын төгсгөлд 2 оюутанд Мандах их сургуулиийн лого бүхий дурсгалын зүйлс гардуулж, солилцооны хөтөлбөрт амжилттай суралцаж, эх орондоо эргэн ирэхийг ерөөлөө.
Мандах их сургуулийн Захирлын ажлын алба