Мандах их сургуультай хамтран ажилладаг Индонезийн Стеком их сургуулиас зохион байгуулсан олон улсын оюутнуудын соёлын солилцооны 2 өдрийн хөтөлбөрт Мандах их сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо. Тус арга хэмжээнд Индонези, Беларус, Этиоп, Уганда, Өмнөд Африк, Малайз, Монгол, Казакстан, Украйн, Узбекстан, Вьетнам, Бруней зэрэг нийт 12 орны их дээд сургуулийн оюутнууд оролцож, өөрийн орны соёл урлаг, үндэсний хоол, үндэсний хувцас, кино урлаг, дуу бүжиг, зан заншлын талаар зурагт болон видео танилцуулга хийлээ. Оролцогч оюутнууд орон орны соёлын өвөрмөц онцлог, байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний хоол, үндэсний хувцас, урлаг соёлын талаар мэдлэг мэдээлэл авч байгаадаа талархаж байгаагийн зэрэгцээ тухайн улс оронд очиж, үзэх хүсэл төрж буйгаа илэрхийлж байв.
Мандах их сургуулийн Бизнесийн удирдлагын 2-р дамжааны оюутан Х.Түвшинтулга “Монголын кино урлаг, дуу хөгжим” сэдвээр танилцуулга бэлтгэж, англи хэл дээр тайлбарлаж оролцлоо. Түүний бэлтгэсэн танилцуулгыг бусад орны оюутнууд ихэд сонирхон, олон олон асуултыг тавьж байв. Ялангуяа уртын дуу, морин хуурын аялгууг сонсгож, тэдгээрийн түүхийг ярьж өгсөн нь оролцогчдын сонирхлыг ихээр татсан юм. Энэхүү соёлын арга хэмжээнд оролцсоноор манай оюутнууд бусад орны үе тэнгийн оюутнуудтай англи хэлээр чөлөөтэй харилцаж, харилцан туршлагаа хуваалцах сайхан боломжийг олж авсан билээ.
Монголын соёл урлагийн талаар танилцуулга бэлтгэж, гадаадын улс орны оюутнуудад танилцуулсан оюутан Х.Түвшинтулгадаа баяр хүргье!
Мандах их сургуулийн захиргаа