Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу, БШУЯ-ны сайдын 2022 оны 08 дугаар сарын 17-ны А/289 дүгээр тушаалыг үндэслэн Эзэн Богд Чингис хааны эш хөргийг бүх шатны сургалтын байгууллагад дээдлэн залах, Их хааны үйл хэргийг алдаршуулах арга хэмжээг Мандах Их сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн эхний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж, Их хааны үйл хэргийг алдаршуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү түүхэн арга хэмжээнд Мандах Их сургуулийн захирал, профессор Г.Нанжид, сургуулийн удирдлагууд, багш, ажилтан, оюутнууд оролцож, тус сургуулийн багш, түүхч, доктор О.Баттуяа Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах талаар мэдээлэл хийлээ.
Мөн СШУТ-ийн багш М.Ганхөлөг Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сургуулийн удирдлагууд, багш, ажилтан, оюутнуудад уншиж сонордууллаа.
Арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж Мандах Их сургуулийн Банкны менежментийн 3-р ангийн оюутан Ө.Баярцэцэг “Чингисийн аялгуу” хэмээх морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүллээ.