“Тогтвортой, хүртээмжтэй хөгжил” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдийг тодрууллаа

A- A A+
“Тогтвортой, хүртээмжтэй хөгжил” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдийг тодрууллаа

Мандах Их сургуулийн 30 жилийн ойн хүрээнд ЭЗБТ-с “Тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Энэхүү хурал нь үндсэн 2 үе шаттай зохион байгуулагдаж, 2-р шатанд Мандах ИС, СЭЗИС, ХААИС, ХУИС, ШУТИС, McGill гэсэн нийт 6 сургуулийн 12 илтгэл шалгарч 2022.04.22-ны өдөр танхим, болон цахим хослуулан илтгэлийг хэлэлцүүлэн шилдгүүдийг тодрууллаа.

Мандах ИС-ийн ахисан түвшний  захирал, доктор профессор С.Цолмон хурлын үйл ажиллагааг албан ёсоор нээж, нийт оролцогч нарт амжилт хүслээ. Хурлын үйл ажиллагааг дэмжиж жил бүр гаднын нэр хүндтэй, тэргүүлэх их сургуулиудын доктор багш нар, мэргэжлийн байгууллагын судлаач, мэргэжилтнийг урьж оролцуулдаг онцлогтой. Энэ удаагийн хурлын үйл ажиллагааг дэмжиж дараах багш нар шүүгчээр оролцлоо.

  • ШУТИС, БАТС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор /Ph.D/, дэд профессор М.Банзрагч
  • ХУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Доктор /Ph.D/, дэд профессор А.Амаржаргал
  • СЭЗИС -ийн багш Доктор /Ph.D/,  ОУ-ын мэргэшсэн нягтлан бодогч /ACCA/ Л.Ундаргаа
  • Мандах ИС-ийн ЭЗБТ-ийн багш Л.Дансранбавуу  багш нар шүүгчээр ажиллалаа.

Энэ удаагийн хурлын нэг онцлог нь танхим болон цахим хослон зохион байгуулагдсан нь дотоодын төдийгүй гадаад сурч буй оюутнууд өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын бүтээлээрээ оролцох боломжтой явдал байсан юм. Мөн шүүлтийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдэд томоохон өөрчлөлт оруулсан бөгөөд зохиогчийн эрхийн зөрчилгүй, бусад судлаачийн санааг шууд болон дам давтахгүй байх чиглэлд анхаарч илтгэл тус бүрийн хуулбарлалтыг шалган үнэлгээнд тусгасан явдал юм. Түүнчлэн шүүгч багш нар өөрсдийн сургуулийн оюутнуудын илтгэл дээр оноо тавихгүй байхаар зохион байгуулалтыг хийсэн нь хурлын шүүлтийн үйл ажиллагааны бас нэг онцлог байв.

Шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр дараах илтгэлүүд шилдэг илтгэлээр шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо.

  • ХУИС-ийн Менежментийн ангийн 4-р дамжааны оюутан Г.Баясгалан 94 оноогоор “Бизнесийн байгууллага цар тахлын дараах үед маркетингийн стратегийг оновчтой хэрэгжүүлэх арга зам” сэдэвт илтгэлээр тэргүүн байр, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Мандах ИС-ийн Санхүү мененжмент ангийн 4-р дамжааны оюутан Х.Гүлнур 88.67 оноогоор “Ковид-19 цар тахлын эсрэг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө (Уул уурхайн экспорт давамгайлсан улс орнуудын жишээн дээр)” сэдэвт илтгэлээр дэд байр, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Мандах ИС-ийн НББ-Аудит ангийн 4-р дамжааны оюутан Э.Эрдэнэбилэг 86.33 оноогоор “Ковид-19 цар тахлын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл сэдэвт илтгэлээр ” сэдэвт илтгэлээр гутгаар байр, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • ШУТИС-ийн Олон улсын бизнесийн менежментийн ангийн 3-р дамжааны оюутан Г.Есүй 86 оноогоор “Cultural Influence in the Organization, the Effect of Power Distance and Masculinity on Productivity in Civil Servants Through Skill” сэдэвт илтгэлээр тусгай байр, өргөмжлөл, мөнгөн шагнал

Хурлын төгсгөлд Мандах ИС-ийн ЭЗБТ-ийн эрхлэгч С.Мөнхцэцэг болон шүүгч нарын төлөөллүүд нийт илтгэгч нарт хандаж  судалгааны ажлын ололт амжилт, цаашид анхаарч сайжруулах чиглэлд үнэт зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ жил ирэх тусам илтгэлийн чанар, чансаа, ач холбогдол өндөр болж байгааг онцолж сайшаалаа.

 

Амжилттай оролцсон нийт оюутнуудад эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА