Мандах их сургуулийн оюутнууд Ази, Номхон далайн орнуудын UMAP хөтөлбөрийн хүрээнд Индонези улсын Султан Агунг Исламын Их сургуулиас зохион байгуулсан Олон улсын виртуал арга хэмжээнд амжилттай оролцлоо. Арга хэмжээ 2022 оны 3-р сарын 21-нээс 3-р сарын 25-ныг хүртэл 5 хоног үргэлжилсэн бөгөөд Бангладеш, Малайз, Филлиппин, Индонези, Монгол, Тайвань, Вьетнам зэрэг Азийн 7 орны их дээд сургуулийн 200 гаруй оюутнууд оролцсоноос Мандах их сургуулиас Нягтлан бодох бүртгэл-Татварын ангийн 3-р дамжааны оюутан П. Сансармаа, Асель Тилейбек, Нягтлан бодох бүртгэл-Мэдээллийн системийн ангийн 1-р дамжааны оюутан Н.Тэргэл нар оролцож, багт хуваагдан ажиллалаа. Багийн ажиллагааны нэгээхэн томоохон хэсэг нь “Соёлын солилцоо” буюу өөрийн улс орны соёл ахуй, зан заншлыг харуулсан видео контент бэлтгэж, бусад орны оролцогч нартаа танилцуулах үйл ажиллагаа байсан бөгөөд манай оролцогч нар Монголын соёл урлаг, ёс заншил, аж амьдралын талаар видео контент бэлтгэн, танилцуулсан нь бусад орны оюутнуудын сонирхлыг татаж, Монгол орныг үзэх хүслийг төрүүлж чадсан. Оролцогч оюутнууд “Нийгмийн сайн сайхан байдлын олон үндэстний хэтийн төлөв”, “Ковид-19 өвчин бидний сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Ковид -19 өвчинтэй дасан зохицох чадварыг бий болгох” зэрэг сэдвээр лекц сонсож, өөрсдийн санал бодлоо хуваалцан, туршлага хуримтлуулсан үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.