Хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа
Мандах их сургууль болон Монгол улсын Шинжлэх ухааны Академийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Мандах их сургуулийн захирал Г.Нанжид нар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хүрээнд ШУА болон МИС-ийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Мөн талууд харилцан өөрсдийн харьяа лабораториуд болон бусад судалгааны баазаа эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, ахисан түвшний суралцагчдын судалгааны ажил хийх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэгдэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал тохиролцлоо. Үүнд:
-Хамтарсан судалгааны чиглэл, сэдвийн талаар санал солилцох, харилцан тохиролцох;
-Судалгааны ажил хамтран гүйцэтгэх, шинэ санаа арга, аргачлалыг нэвтрүүлэх;
-Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт семинар, хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах, үр дүнг олон нийт, судлаачид, бодлого боловсруулагчдад танилцуулах, хэлэлцүүлэх;
-Хамтарсан судалгаа хийж, зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд шинжлэх ухааны өгүүлэл нийтлүүлэх;
-Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном, товхимол, сэтгүүл, хэвлэмэл бүтээгдэхүүн солилцох;·
- Эрдэмтэн судлаачдаар лекц уншуулах, мэдлэг түгээх, хуваалцах, санал солилцох;·
-Магистрант, докторантын дипломын ажлыг удирдах, зөвлөгөө өгөх.
·