Дээд боловсролын салбар дахь төрөлжилт ба Мандах ИС

A- A A+
Дээд боловсролын салбар дахь төрөлжилт ба Мандах ИС

 

Л. Энх-Амгалан: Дээд боловсролын салбарт олон шинэ зүйлийг санаачлан бий болгож, олон ажлын эхлэлийг тавьсан анхдагч байж, хувийн их сургууль хэрхэн ажиллаж болох жишиг болсон юм.

Дээд боловсролын салбар дахь төрөлжилт ба Мандах ИС

   1992 онд анх үүсгэн байгуулагдсан Мандах Их Сургууль өдгөө 30 жилийг үдэж, Монгол Улсын дээд боловсролын салбарын салшгүй нэг хэсэг болжээ.  Мандах Их Сургуулийн 30 жилийн түүх бол манай хамт олны нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүн, хамт олны маань бахархалт ажил үйлсийн түүх юм. 

   Мандах Их Сургуулийн эрдэмтэн багш нар, ажиллагсад дээд боловсролын салбарт олон шинэ зүйлийг санаачлан бий болгож, олон ажлын эхлэлийг тавьсан анхдагч байж, хувийн их сургууль хэрхэн ажиллаж болох жишиг болсон юм.    

   Тус сургууль дээд боловсролын салбар дахь төрөлжилтийн үлгэр жишээг үзүүлж чадсан бөгөөд энэ талаар хүүрнэхийн тулд төрөлжилтийн тухай товч оршил ярих шаардлагатай болж байна.    

   Эдийн засгийн төрөлжилтийн тухай ойлголтыг энэ салбарын мэргэжилтнүүд төдийгүй энгийн ард иргэд ч тодорхой хэмжээнд мэдэж байгаа.  Төрөлжилт нь эдийн засагт төдийгүй нийгмийн салбарт ч байдаг чухал ойлголт.  Энгийнээр хэлбэл, тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дагнан төрөлжиж, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хамгийн сайн байлгаж чадах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээгээр хангана гэсэн үг.  Энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг бий болгохтой ч холбогдоно.  Зарим тохиолдолд нэг салбар, цөөн бүтээгдэхүүнд дулдуйдах нь эдийн засгийн эмзэг байдлыг үүсгэдэг ч цөөн тооны борлуулалт сайтай, нэр хүнд бүхий бүтээгдэхүүнээр төрөлжин ашиг, орлого сайтай ажилладаг компаниуд болон цөөн хөтөлбөрөөр нэр хүнд сайтай гадаад, дотоодын их сургуулиудыг бид мэдэх билээ.      

   Мандах Их Сургуулийн хамт олон анх байгуулагдсан үеэсээ эхлэн хөрвөх чадвар сайтай, түгээмэл мэргэжлүүдийн нэг болох Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнийг бэлтгэж, олон жилийн түүхтэй их сургуулиудтай өрсөлдөхүйц хэмжээнд ажиллаж ирсэн юм. 1996 онд Олон улсын стандартыг судласан анхны нягтлан бодогчдийг төгсгөснөөс хойш энэ чиглэлийн мэргэжилтнийг өнөөг хүртэл тасралтгүй сурган бэлтгэж байгаа бөгөөд эрэлт, хэрэгцээ ихтэй хэвээр байна.  Манай төгсөгчид эх орныхоо өнцөг булан бүрт улсын болон хувийн салбарт мэргэжлээрээ нэр төртэй ажиллан мэргэжлийнхээ болон сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явна.

   Сайн мэргэжилтэн болох үндэс суурь оюутан ахуй цагт тавигддаг. Оюутнууд маань улсын хэмжээнд бизнесийн болон мэргэжлийн байгууллага, их сургуулиудын зохион байгуулсан мэргэжлийн уралдаан, тэмцээн, оюутны эрдэм шинжилгээний хуралд байнга идэвхтэй оролцдог нь сайн мэргэжилтэн болох гараагаа амжилттай эхлүүлж байгаа хэрэг юм. Манай оюутнууд Нягтлан бодох бүртгэлийн Улсын олимпиадад олон жил дараалан түрүүлж, бахдам амжилтыг байгуулж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

   Тус сургуулийн эрдэмтэн багш нар зөвхөн мэргэжилтэн бэлтгэх ажилд оролцоод зогсохгүй улсын хэмжээнд мэргэжлийн бодлого, зорилтыг тодорхойлох, мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулж хөгжүүлэх, засгийн газар дахь Нягтлан бодох бүртгэлийн алба болон мэргэжлийн байгууллагуудыг удирдаж, сургалт, судалгаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачлагатай ажиллаж байна. 

  Мандах Их Сургуулийн төгсөгч – нягтлан бодогчид энэ салбарын брэнд “Бүтээгдэхүүн” болж төр, хувийн хэвшлийн ажил олгогчдын эрэлт ихтэй мэргэжилтнүүд болсон нь энэ хөтөлбөрөөр олон жил дагнан төрөлжиж ажилласны болон багш, ажилтнуудын маань нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүн юм.

 

Доктор, профессор Л.Энх-Амгалан  

2022 -02