Мандах их сургууль Ай И Ди Си Олон улсын боловсролын төвтэй Пирсон Академик англи хэлний хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа 2021 оны 10-р сарын 27-ны өдөр Мандах их сургуулийн уулзалтын танхимд боллоо. Гэрээнд Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор Ph.D, дэд профессор Ч. Төрбадрах, Ай И Ди Си байгууллагын захирал М. Найдалмаа нар гарын үсэг зурлаа.
Мандах их сургууль тус боловсролын байгууллагатай өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд багш нарынхаа англи хэлний чадавхийг дээшлүүлэх, TEFL болон TESOL хөтөлбөр, Грийнвичийн их сургуулийн (ИБУИНВУ) итгэмжилсэн Мэргэжлийн Англи хэлний олон улсын хөтөлбөр, бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд Мандах их сургуулийн англи хэлний багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулснаас Гадаад хэлний тэнхимийн 4 багш Лондон хотын Багш сургалтын коллежийн 180 цагийн хичээлийг судлан, Англи хэлийг бүх түвшинд заах эрх бүхий дипломыг өнөөдөр гардан авлаа.
Энэ удаагийн хамтран ажиллах гэрээний зорилго нь олон улсын стандартад нийцсэн PEARSON-EAP хөтөлбөрийг Мандах их сургуулийн англи хэлний багш нарын нөөц бололцоонд тулгуурлан, цогц цахим систем бүхий багц сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.