“Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт хөгжлийн хөтөлбөр”-ийн” “Татварын албаны хэмжээнд манлайлал, заах арга зүйг хөгжүүлэх” хоёрдугаар зорилтын хүрээнд ТЕГ-ын Сургалтын төв, дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын /ахлах/ байцаагч, багш нар нягтлан бодох бүртгэлийн ОУ-д магадлан итгэмжлэгдсэн Мандах Их Сургуулийн удирдлага, НББ-ийн татварын багийн багш нартай уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтад ТЕГ-ын Сургалтын төвийн багш ТУАБ В.Нарантуяа, Б.Төгсөө, дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын /ахлах/ байцаагч, багш нар, Мандах Их сургуулийн захирал, профессор Г.Нанжид, Сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Төрбадрах, НББ-ийн тэнхимийн эрхлэгч Х.Нямбаяр болон татварын багийн багш нарын төлөөлөл оролцсон юм.
ТЕГ-ын Сургалтын төвийн төлөөллийг хүлээн авсан, Мандах Их Сургуулийн захирал, профессор Г.Нанжид уулзалтыг нээж, “ТЕГ-ын Сургалтын төв, дүүргийн Татварын хэлтсийн төлөөлөл, манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, заах арга зүйн талаарх туршлага, нябо-татвар хөтөлбөрийн танилцуулга, татварын багц хичээлүүдийн агуулга болон мэдлэг, чадвар, хандлагын талаар мэдээлэл авч, харилцан санал солилцож, татварын албаны ирээдүйн боловсон хүчнүүдийг хэрхэн бэлтгэж байгаа үйл явцтай танилцахаар ирсэнд таатай байна. Та бүхэн энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж буй сургуультай хамтран ажиллаж, мэдээлэл солилцохоор ирсэнд талархаж байна. Бидний төгсгөж гаргасан мэргэжилтнүүдийг практик дээр дадлагажуулж, жинхэнэ татварын гал голомтонд ажиллах хүмүүсийг гүнзгийрүүлэн сургадаг гэж ойлгож байна. Тиймээс боловсон хүчнээ чанаржуулж, чадавхижуулахад хамтарч ажиллах нь маш зөв ажил гэж бодож байна. Манай сургууль ТЕГ-тай хамтран ажиллаж байсан түүхтэй. 1993 онд Татварын ерөнхий газрын захиалгаар анхны олон улсын стандарт нэвтрүүлж байх үед татварын байгууллагад ажиллах шинэ боловсон хүчнийг бэлтгэх эчнээ анги нээж байсан. Ингээд харилцан мэдээлэл солилцож, туршлагаасаа хуваалцах уулзалт, хэлэлцүүлгийг нээж байна” хэмээсэн юм.
ТЕГ-ын Сургалтын төвийн багш ТУАБ В.Нарантуяа албаны төлөөллөө танилцуулаад, та бүхэн сургуулийнхаа сургалтын үйл ажиллагаа, нябо-татварын багийн багш нарын заах арга зүйн талаарх туршлага, татварын багц хичээлүүдийн агуулга болон мэдлэг, чадвар, хандлагын талаар мэдээлэл авч, харилцан санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр “ТЕГ олон нэгж, газар хэлтэстэй. Манай Сургалтын төвийн хувьд Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг 2000 гаруй хүний мэдлэг чадварыг дээшлүүлж, сургах, чиглүүлэх, мэргэшүүлэх, хөгжүүлэх ажлыг хариуцдаг бөгөөд “Татварын албаны ажилтан албан, хаагчдын сургалт хөгжлийн хөтөлбөр”-т тусгасан Татварын албаны хэмжээнд манлайлал, заах арга зүйг хөгжүүлэх хоёрдугаар зорилтын хүрээнд татварын албанд ажиллах ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэж буй сургуулиудтай хамтран ажиллах, сургалтын арга барил болон татварын багц хичээлүүдийн агуулгын талаар ярилцаж, мэдээлэл солилцох үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү зорилтод Сургалтын төвийн багш нарын заах арга зүйг хөгжүүлэх, багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамруулах, тогтвортой ажиллуулах, мэргэшүүлэн сургах, туршлага солилцох, дадлага туршлагатай багш нарыг дагалдуулах, гадаад болон дотоод сургалтад оролцуулах бололцоогоор хангах, багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалт руу шилжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран олимпиад, мэтгэлцээн тэмцээнийг хамтран зохион байгуулах, сургалтын сэдэв, агуулгыг өргөн хүрээний судалгаа, мэдээлэл, эрэлтэд үндэслэн боловсруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд татварын албаны ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлтгэдэг сургуулийн нэг болон Мандах Их Сургуультай хамтран ажиллаж, сургалтын арга барил болон татварын багц хичээлүүдийн агуулгын талаар ярилцаж, мэдээлэл солилцож байгаадаа баяртай байна” гэлээ. Ийнхүү татварын албаны төлөөлөл сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ирээдүйн боловсон хүчнүүдтэй санал солилцохын зэрэгцээ Мандах Их Сургуультай танилцах аяллыг зохион байгууллаа.