Мандах их сургуулийн Гадаад хэлний тэнхимээс “Гадаад хэлний сургалтын өнөөгийн чиг хандлага-2022” сэдэвт онол, арга зүйн семинарыг 2022 оны 4 сарын 09-ны өдөр улсын хэмжээнд 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн семинар нь Zoom платформ ашиглан Webinar хэлбэрээр явагдсан ба нийт 115 эрдэмтэн судлаач, профессор, багш оролцож гадаад хэлний хичээлийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл чиг хандлага, сургалтын дэвшилтэт технологийн практикт суурилсан судалгааны үр дүнгээ хэлэлцэн, арга туршлагаа хуваалцлаа. Вебинарын зочин илтгэгчээр МУИС-ийн доктор (Ph.D), профессор Н.Нансалмаа “ Тархи судлалд суурилсан орчин үеийн шинжлэх ухааны ололтыг гадаад хэлний сургалтад ашиглах нь” ХИС-ийн доктор (Ph.D)., дэд профессор Н. Оюунцэцэг, “Сургалтын хөтөлбөрийн өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэхэд суралцахуйн үр дүнг оновчтой тодорхойлох асуудалд” (Орчуулагч хөтөлбөрийн жишээн дээр), МУИС-ийн доктор (Ph.D), ахлах багш С.Чимэдцогзол “Нийгэм хүмүүнлэгийн салбарын диссертацийн хураангуйн онцлог, түүнийг хэрхэн бичих нь”, Мандах их сургуулийн ахлах багш, докторант Ж.Төгсөө “Англи хэл суралцагчдын үгийн нөөцийг тодорхойлох хэрэгцээ, арга зам” ахлах багш Н.Ариунаа, Ш.Нандинцэцэг нар “Цахим сургалтанд мэдээллийн технологи ашиглах нь” /Англи хэлний хичээлийн жишээн дээр/ сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж гадаад хэлний өнөөгийн чиг хандлагыг сургалтын хөтөлбөр, нэгж хичээл, семинарын хичээлд хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар судалгаанд үндэслэсэн сонирхолтой мэдлэг, мэдээлэл өглөө. Онлайн вэбинарт оролцогчдын 67.6% нь ЕБС-иас, 39.5% нь их дээд сургуулиас, бусад байгууллагаас 1.9%-тай хамрагдсан ба тэдгээр оролцогчдын 81.9% нь УБ хотоос, 18.1% нь хөдөө орон нутгаас оролцсон нь вэбинар онлайнаар зохион байгуулагдаж байгаагийн нэг давуу тал болсон гэж дүгнэж болохоор байна. Вебинарт оролцогчдоос семинарын талаарх сэтгэгдэл болон, цаашид анхаарах асуудлыг тодруулах зорилготой асуулга судалгааг авч нэгтгэн дүгнэхийн зэрэгцээ оролцогч бүрт дижитал батламж олгосон. Оролцогчид тус семинарын зохион байгуулалт, үр өгөөжийг өндөрөөр үнэлсэн бөгөөд чанар, хүртээмж нь жилээс жилд улам сайжирч, жил бүр хүсэн хүлээдэг семинар боллоо хэмээн дурьдсан байна. Цаашид тус семинарын практик ач холбогдолыг нь улам нэмэгдүүлэх үүднээс бүх шатны гадаад хэлний багш нарын оролцоотой богино, дунд хугацааны төсөлт сургалтуудыг хамтран хэрэгжүүлж бодит үр дүнгийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байх нь семинарын үр өгөөжийг дээшлүүлэх сайн талтай гэж дүгнэлээ.