Энэхүү сургалт семинарын зорилго нь бакалавр болон магистрын хөтөлбөрийн оюутнуудад сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны талаар хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах, эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг ойлгуулах, судалгааны арга зүй эзэмших, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, бакалаврын болон магистрын дипломын бүтэц, эрдэм шинжилгээний стандарт, хуулбарлалтыг илрүүлэх програмын ашиглалт нэмэгдүүлэх гэх мэт асуудлыг авч үзэж, судалгааны ажлын цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.
Мандах Их Сургуулийн захиргаанаас энэхүү сургалт семинарыг уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба энэ удаагийн хурал 2021 оны 4 сарын 09-ны өдөр онлайн хэлбэрээр zoom програм ашиглан зохион байгуулагдаж, бакалавр, магистрын хөтөлбөрийн 450 гаруй суралцагсад хамрагдлаа.
Уг сургалт семинарыг тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ч. Төрбадрах, сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны хорооны дарга, доктор А. Наранцэцэг, Ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор С. Цолмон, Хөтөлбөр хариуцсан ажилтан Б. Мөнхбат нар удирдан зохион байгуулж, илтгэл тавьж, суралцагчдын сонирхсон асуултанд хариуллаа. Түүнчлэн гадаадын хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хос болон хамтарсан хөтөлбөрүүд, олон улсын мэргэжлийн англи хэлний шалгалтын талаар танилцуулж оюутнуудын асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.
Оюутнууд эрдэм шинжилгээ, судалгааны талаар сонирхолтой сургалт, семинар зохион байгуулсанд талархал илэрхийлсэн байна.
Сургуулийн захиргаа