Мандах их сургуультай хамтран ажилладаг Японы Тохоку их сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулиас түншлэгч гадаадын их дээд сургуулийн оюутнуудад зориулсан онлайн уулзалт, арга хэмжээг 2021 оны 4-р сарын 8 -наас 5-р сарын 27-ныг хүртэл зохион байгуулах ажлын хүрээнд өчигдөр тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Zoom хэлбэрээр зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь гадаадын их, дээд сургуулиудын оюутан залуусыг нэгэн доор цуглуулж, дэлхий нийтийн цар тахал Ковид-19 тэдний улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлж, санал бодлоо солилцох, бие биенээсээ суралцах, тодорхой сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэх боломжийг олгох зорилготой юм. Zoom уулзалтанд ХБНГУ, Дани, Румын, Грузин, Польш, Тунис, Индонези, Японы их дээд сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрийн оюутнууд оролцлоо. Мандах их сургуулиас 22 оюутан энэхүү арга хэмжээнд оролцож байна. Онлайн арга хэмжээний үеэр Тохоку их сургуулийн профессор Наоки Оданака “Халдвар өвчин ба хүн төрөлхтний нийгмийн хөгжил” сэдвээр богино хэмжээний илтгэл тавилаа. Түүнчлэн тус арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулав.
Оролцогчдыг бүлэг болгон хувааж, янз бүрийн улс орны оюутнууд өөр хоорондоо харилцан яриа өрнүүлж, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн нь манай оюутнуудын хувьд тэднээс суралцах, мэдлэгээ дээшлүүлэх аз завшаантай үйл хэрэг болж байна. Бүлэг тус бүр 5-р сарын 27-ныг хүртэл өөрсдийн боломжит цаг болон онлайн арга хэрэгслийг сонгон тодорхой сэдвээр хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэх юм. Арга хэмжээний хаалтын өдөр буюу 5-р сарын 27 -ны өдөр болох zoom уулзалтаар бүлэгт хуваагдсан оюутнууд хэлэлцүүлгийн явцад олж авсан мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцан 5 минутын илтгэл бэлтгэж, танилцуулга хийнэ.
Сургуулийн захиргаа