Бүтээлийн хуулбарлалт  (Plagiarism) гэж юу вэ?

Бүтээлийн хуулбарлалт гэдэг нь зөвхөн хүний бичсэн бүтээлээс шууд “copy + paste” хийхийг хэлэх бус цаашлаад бусдын гаргаж дэвшүүлсэн санааг хуулбарлахыг хүртэл хамааруулж ойлгоно. Зохиогчийн эрхийн зөрчил мөн үүнд хамаарна.

Oxford Brookes их сургуулийн Жүүд Каролл (Jude Carroll) болон KTH Технологийн Институтийн Карл Майкл Зэттэрлинг нарын тодорхойлсноор, өөр хүний бодол эсвэл илэрхийллийг өөрийн мэтээр тайлбарлах үед бүтээлийн хуулбарлалт явагдана гэжээ. Өөрөөр хэлбэл бүтээлийн хуулбарлалт нь зөвхөн бичсэн текстийн ижил төстэй байдалд хамаарахгүй бөгөөд бүтцийн болон агуулгын төстэй байдал нь мөн хамааралтай байна. “Чиний бичсэн текстэд агуулагдах санаа болон үгийн сонголт нь зөвхөн чамаас гарсан байх ёстой. Хэрэв чи өөр хүний санаа болон үгийн сонголтыг өөрийн мэтээр бичвэл тэр хүний бүтээлийг хуулбарласанд тооцно” гэжээ. (Каролл болон Зэттэрлинг, 2009)

Хэрэв текст А-г уншсаны үр дүнд текст Б-г бичиж байгаа бол текст А-гийн эх сурвалжийг заавал дурдах нь зохистой. Эс бөгөөс бүтээлийн хуулбарлалт явагдсанд тооцогдох юм.


Ямар хэрэгтэй гэж?

Хүний бүтээлийг хуулбарласнаар хариуцлага хүлээх эрсдэлтэй ч гэсэн түүнээс гадна энэ нь хүний анхдагч санаа шийдэл гаргаж ирэх, чөлөөт сэтгэлгээний чадварт маш том хор нөлөөтэй юм.

Сурсан мэдлэгээ боловсруулж, түүн дээрээ үндэслэн өөрийн гэсэн дүгнэлтийг гаргаж шинэ санаа дэвшүүлэх чадвартай болох нь боловсролын гол тулгуур, утга учир билээ. Бусдын хийсэн бүтээлээс хуулбарласнаар тэрхүү чадварыг хөгжүүлэхэд муугаар нөлөөлж, хувь хүний итгэл даах чадвар болон стандартыг доошлуулахад хүргэдэг. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэхэд илүү хялбар болсон бөгөөд сургуулиа төгссөний дараа хүртэл тухайн хүний карьерт нөлөөлөх боломжтой болсон байна.

Зөвлөмж:

  • Бусдын бүтээлээс зөв иш татах талаар багштайгаа ижил ойлголттой байгаа эсэхээ шалгаж байгаарай.
  • Өөрийн суралцаж буй сургуульдаа мөрдөгдөж байгаа иш татах, эх сурвалжийг дурдах арга хэлбэрийг зөв эзэмшиж ашиглаарай.
  • Таны бичсэн текст ерөнхий мэдлэгэсвэл мэргэжлийн мэдлэгийн алиндхамаарахыг өөрөөсөө асуужбайгаарай.
  • Ерөнхий мэдлэг нь нийтэд түгээмэл бодит баримтыг хэлнэ. Жишээлбэл, нэг өдөрт 24 цаг байдаг, Бразил улсын албан ёсны хэл нь Португали хэл, гэх мэт.
  • Ерөнхий мэдлэг мэргэжлийн мэдлэг хоёрынхоорондын зааг заримдаа эргэлзээтэй байдаг тулэнэ тохиолдолд багшаасаа асууж байгаарай.
  • Ерөнхий мэдлэгийн зүйлийг бичиж байгаа үедмэдээж эх сурвалжийг дурдах шаардлагагүй.
  • Харин ерөнхий мэдлэг биш зүйлийн талаарбичихдээ утгыг нь хэвээр хадгалж байгаа боловчтекстийг өөрчилж байгаа бол эх сурвалжаа дурдахшаардлагатай.

Ерөнхий болон мэргэжлийн мэдлэг

Хэрэв та цахилгаан гэрэлтүүлгийн хүний амьдрал дахь нөлөөллийн талаар бичье гэж бодвол энэ сэдэв нь ерөнхий мэдлэгт хамаарахгүй бөгөөд мэргэжлийн мэдлэгт тооцогдоно. Ерөнхий мэдлэгт тооцогдохгүй мэдлэг нь гол төлөв тухайн сэдвийн дагуу хийгдсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг тул судалгааны явцад олсон аливаа текстийн үг бүрийг өөр үгээр сольж найруулан өөрчиллөө ч гэсэн эх сурвалжийг дурдахгүйгээр эссэндээ ямар нэг байдлаар оруулж бичвэл зохиогчийн санаа, дүгнэлтээс хуулбарласан гэж үзнэ.


Баримт нягтлах

Хэрэв та 20-р зууны сүүлч үеийн Бразил улс дах улс төрийн хөгжил дэвшлийн талаар эссэ бичиж байхдаа тус улсын албан ёсны хэл нь Португали хэл болох тухай дурдах шаардлага гарвал иш татах шаардлагагүй. Харин Бразилын тухай эссэ тань ямар нэг эх сурвалж дээр үндэслэж бичигдэж байгаа бол түүнийгээ зохистойгоор дурдах ёстой.

Хэрэв та интернэтээс эх сурвалжаа олсон бол ямар вэб хуудас дээр хэзээ тавигдсан мэдээлэлд хэзээ хандалт хийснээ тэмдэглэж аваарай. Таны бичсэн эссэг уншиж байгаа хэн бүхэнд тэрхүү интернэт эх сурвалжийг олоход хялбар байх ёстой. Гэхдээ интернэт эх сурвалжууд заримдаа баталгаатай, найдвартай мэдээлэл өгч чаддаггүй учраас зөвхөн нэг интернэт эх сурвалжийг ашиглахаас зайлс хийгээрэй.

Дүгнэж хэлэхэд, аливаа баримтыг сайн нягталж, тухайн баримтаа олон өөр эх сурвалжаас давхар шалгаж байх нь зүйтэй.


Цагаа төлөвлөх нь

Аливаа даалгавар эсвэл ажлыг хойш тавьсаар байтал эцсийн хугацаа нь нэг мэдэхэд дөхчихсөн байдгийг бид бүгд мэднэ. Ийм нөхцөл байдал тулгарвал бусдын хийснээс будаа идэх талаар бодлоо хаясан нь дээр, яагаад гэвэл хуулбар шалгах програм хангамж түүнийг хялбархан олох болно. Тиймээс зүгээр л төвлөрч суугаад бичиж эхэлсэн нь дээр.

Хамгийн шалгарсан арга бол эрт хийж эхлэх. Даалгавраа тодорхой хэсгүүдэд хуваан тус бүрд нь хугацаа тавьж, ямар явцтай яваагаа хянаж, гаргасан хуваариа чадах чинээгээрээ дагаж мөрдөх нь үр дүнтэй байдаг. Ингэж хийснээр стресстэх нь бага байдаг тул бүтээлч сэтгэлгээ илүү сайн ажилладаг.

Brian Tracy зохиолчийн “Eat That Frog” номноос залхуурч хойш тавихаас яаж зайлсхийх талаарх зөвлөгөөнуудийг уншаарай.


Ямагт эх сурвалжаа  тэмдэглэх

Хэрэв интернэт дэх нийтлэлээс эх сурвалжаа олбол вэб хаягаас гадна тавигдсан огноо болон хандалт хийсэн огноогоо тэмдэглэж аваарай (дараа нь олдохгүй байж магадгүй).

Номын тодорхой хэсгийг эх сурвалжаа болгож байгаа бол хэд дэх хэвлэлт гэдгийг нь тэмдэглэж аваарай.

Эх сурвалж тэмдэглэх зориулалтаар тэмдэглэлийн дэвтэр гаргах эсвэл компьютэр дээрээ файл үүсгээд хөтөлж явбал дараа нь эх сурвалжаа мартаад, түүнийгээ хайх гэж цаг үрэхээс сэргийлж чадах болно.


Эх сурвалж дурдах  стандартууд

Суралцаж буй салбар чиглэлээс хамааран стандартууд харилцан адилгүй байдаг. Дараах стандартууд хамгийн түгээмэл ашиглагддаг:

Harvard, Oxford, IEEE, APA, MLA, Chicago/Turabian.

Аль ч стандартыг мөрдлөг болгосон бай гагцхүү хооронд нь хольж хэрэглэж болохгүй. Эдгээрийн гол ялгаа нь зүүлт тайлбар (footnote) эсвэл бичвэр дотор эх сурвалж (in-text references) хэрхэн бичиж байгаагаар ялгардаг.


TheAPAStyle

Харвард стандарттай төстэй боловч зохиогч болон он  хоёрын дунд таслал тавьдгаараа ялгаатай.

Эх сурвалж: https://libguides.murdoch.edu.au/APA

 

Бичвэр доторх эх сурвалж

Зохиолчийн нэр болон хэвлэгдсэн оныг бичнэ, хэрэв шууд ишлэл эсвэл тодорхой тоо баримт гэх мэт байвал тухайн хуудасны дугаарыг мөн дурдана. Ингэснээр уншигч таны бичсэн зүйлийн тухай олох гэж эх сурвалжийг бүхэлд нь унших шаардлагагүй болно. Эх сурвалжийг хаалтанд бичнэ (Lazar, 2006, p.34). Хэрэв 34 болон 35 дугаар хуудсуудыг ашигласан бол pp.34-35 гэж бичнэ. Хэрэв нэгээс олон хуудсыг дурдах бол p.34 et seq гэж бичнэ. Мөн хуудас гэснийг илтгэх “p” үсгийг “:” тэмдгээр орлуулж болно (Lazar, 2006:34). Хэрэв нэг ишлэлийг олон удаа давтан бичиж байгаа бол хуудасны дугаар бичихгүй байж болно (Lazar, 2006). Нэгээс илүү, дөрвөөс бага зохиогчтой бол дараах байдлаар бичнэ: (Smith & Jones, 2010). Дөрвөөс олон зохиогчтой бол дараах байдлаар бичнэ (Smith et al., 2010) эсвэл өгүүлбэр дотор Smith et al., (2010)

 

(Эх сурвалж: http://owll.massey.ac.nz/referencing/harvard-style.php)

 

Номзүй:

Ном

Дараалал: зохиогч, он, номын нэр, хэвлэсэн байгууллагын нэр, хэвлэсэн газар

Нийтлэл

Дараалал: зохиогч, он, нийтлэлийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэлтийн дугаар, хуудас

Цахим нийтлэл

Дараалал: зохиогч, он, нийтлэлийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэлтийн дугаар, хуудас,вэб хаяг

Илүү их мэдээлэлтэй дараах хаягуудаар орж  танилцаарай:

The Harvard Style: 

www.owll.massey.ac.nz/referencing/harvard-style.php  

www.wikihow.com/Cite-Using-the-Harvard-Style

The Oxford Style:

www.ub.umu.se/en/write/references/writing-references-oxford  

www.wikihow.com/Reference-in-Oxford-Style  

www.ox.ac.uk/public-affairs/style-guide?wssl=1

The IEEEStyle:

libraryguides.vu.edu.au/ieeereferencing/gettingstarted

The APAStyle:

www.wikihow.com/Cite-a-Textbook-in-APA 

owll.massey.ac.nz/referencing/apa-style.php

The MLA Style:

www.wikihow.com/Quote-and-Cite-a-Play-in-an-Essay-Using-MLA-Format  

owll.massey.ac.nz/referencing/mla-style.php


Найдвартай нь дээр...

Таны бичвэр хуулбар шалгах програм хангамжаар шалгагдах учраас бүтээлийн хуулбарлалтаас сэргийлэхийн тулд та илгээхээсээ өмнө бичвэрээ болон номзүйн жагсаалтаа сайтар нягтлан шалгаарай.

Аль ч салбар чиглэлийн эрдмийн ажлын гол зорилго бол аливаа сэдэв болон түүний дагуу хийсэн судалгаанд тулгуурлан шинэ санаа, дүгнэлтийг гаргаж ирэх билээ. Тиймээс бусдын хийсэн судалгаа дүгнэлтийг зөв зохистойгоор ашиглаж эх сурвалжаа зохих стандартын дагуу дурдаж байх нь чухал.

Бүтээлийн хуулбарлалтаас сэргийлэх аргад гарамгай суралцъя гэвэл аливаа текст, утга санаа, зургийг хүртэл хаанаас олсоноо маш тодорхой дурдаж байх хэрэгтэй.