Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+
Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа


Мандах их сургууль нь Монголтакс ТМЗ ХХК-тай 12 жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд тус байгууллагатай “Өртгийн удирдлага ба  зардлын бүртгэл” сэдэвт  олимпиадыг   жил бүр хамтран зохион байгуулж, тэргүүн байранд шалгарсан оюутнуудыг  “Цалинтай дадлага” хөтөлбөрт хамруулж ирснээс  нийт 31 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна.

Түүнчлэн Мандах их сургуулийн 100 гаруй оюутан Монголтакс ТМЗ ХХК-д үйлдвэрлэлийн дадлагаа хийж, олж авсан онолын мэдлэгээ практик дадлагатай хослуулж, мэргэжлийн чиг баримжаа, ойлголтоо дээшлүүлсэн байна.

2020-2021 оны хичээлийн жилд хоёр байгууллага   хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үе шаттайгаар хөгжүүлэх зорилгоор дахин шинээр  “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг  2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулж, гарын үсэг зурж,  баталгаажууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд  өмнө нь хэрэгжүүлж байсан “Өртгийн  удирдлага ба  зардлын бүртгэл” сэдэвт  олимпиадыг   онлайн хэлбэрээр зохион байгуулахын зэрэгцээ Монголтакс ТМЗ ХХК -ны нэрэмжит “Манлайлагч оюутан” 500,000 төгрөгний мөнгөн шагналтай тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр боллоо. Мөн түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх” чиглэлээр санал санаачлага боловсруулан, энэ хүрээнд өрх гэр бүл, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн тодорхой бүлгүүдийн санхүүгийн мэдлэгийг  дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.

Сургуулийн захиргаа