Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Захирлын мэндчилгээ

Нийтэлсэн: 2018-03-27 13:47:24 Үзсэн: 355

Монгол улсын дээд боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсэн он жилүүдтэй хөл нийлүүлэн хөгжиж ирсэн Мандах Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, оюутан залуус, эрдэмтэн багш, ажиллагсаддаа мэндчилгээ дэвшүүлж биднийг үргэлж дэмжиж, тусалж хамтран ажиллаж ирсэн байгууллагууд, хамт олон, хувь хүмүүс, түншлэгч нартаа чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье.

            1992 онд үйл ажиллагаагаа эхлэж байсан манай сургууль 2017 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн “Их сургууль”-ийн ангилалд орох болсныг дуулгахад таатай байна. Цаашид бид Мандах Их Сургууль гэж нэрлэгдэх боллоо.

            Туулж ирсэн  өндөрлөгөөс харахад манай сургууль олон сайхан бахархах, тэмдэглэх зам мөрийг Монгол улсын Дээд боловсролын болон Бүртгэл санхүүгийн салбарт үлдээж ирсэн билээ.

    Бид байгуулагдсан үеэсээ “Нягтлан бодогч” гэдэг чухал, хариуцлагатай сайхан мэргэжлийг байх ёстой байр сууринд нь хүргэх, өнөөгийн нийгмийн шаардлага, шалгуурыг хангасан мэргэжилтэн бэлтгэх, Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогцолоог төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилгыг дэвшүүлэн тавьж  сэтгэл, зүтгэл нэгтэй манай хамт олон, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжил нэгт нөхдийн дэмжлэг дор тодорхой үр дүнд хүрсээр ирлээ.

  • Өнөөдөр их, дээд сургуульд элсэгчдийн нэлээд нь энэхүү мэргэжлээр суралцах сонирхолтой болсон, тухайн байгууллагын “чухал хүмүүс”-ийн тоонд нягтлан бодогчид орох болсон,
  • Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн, төлөвшүүлэх,
  • Нягтлан бодогч нарыг нэгтгэж, мэргэжлийн хувьд залж удирдан, мэргэжил цолыг нь ахиулах, дээшлүүлэх ажлыг эрхэлдэг төрийн бус байгууллагуудыг байгуулах, удирдах, бэхжүүлэх,
  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн стандартыг боловсруулж батлуулах,
  • Сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулах, түүнчлэн нягтлан бодогч бэлтгэдэг сургуулиуд олимпиадад оролцох, түүндээ ач холбогдол өгдөг болсон, нягтлан бодох бүртгэлийн багш нар шилдгээ тодруулдаг болсон,
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажилд өргөн оролцдог болсон,
  • Мэргэжлийн ном сурах бичгийг шинэчлэн бичих, орчуулах ажил идэвхжсэн зэрэг чухал ажлуудыг санаачлан, төлөвшүүлэхэд манай хамт олон хошуучлан  идэвх, санаачлагатай оролцож ирлээ.

            Анх бид 6 багш 60 гаруй оюутантай түрээсийн байранд хичээл сургалтаа эхэлж байсан бол өнөөдөр манай сургууль 2000 гаруй оюутантай , Дархан-Уул аймагт салбар сургуультай, нийтдээ 130 гаран багш ажиллагсадтай олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн их сургууль болон хөгжиж байна. Нийгмийн олон салбарт 7000 гаруй төгсөгчид маань нэр төртэй хөдөлмөрлөж, суралцаж буй оюутнууд маань сурлага, спорт, урлагийн амжилт бүтээл арвинтай байж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байдагт нь бид бүхэн бахархалтай байдаг билээ. 

            Манай нэрийн хуудас болсон төгсөгчдийн 90 шахам хувь нь тодорхой ажил эрхэлж олон зуун төгсөгчид салбартаа хариуцлагатай алба хашиж, олон арван төгсөгчид өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд амжилттай суралцаж, бас зарим төгсөгчид тухайн орны мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч үндэстэн дамнасан компаниудад мэргэжлээрээ ажиллаж байна.

         Манай сургууль 2017 оны 12-р сард Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 Олон улсын стандартыг  нэвтрүүлсэн анхны их сургууль болсны гадна Английн Оксфордод төвтэй Европ, Азийн бүс нутгийн Бизнес Ассемблэйн Холбооноос 2017 оны бүс нутгийн "Шилдэг байгууллага"-аар тодруулж, гэрчилгээ олгосон нь бидэнд улам их урам зоригийг өглөө.  

Цаашид бид сургуулийн бүтэц зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, багш нараа эрдэмжүүлэх, эрдэм судлалын ажлын цар хүрээг нь дээшлүүлэх, ажиллах нөхцөл бололцоог нь улам сайжруулах, сургалтанд орчин үеийн технологийг тасралтгүй нэвтрүүлэх, сургалтын техник хангамж, материаллаг баазаа өргөтгөх, оюутанд үзүүлэх үйлчилгээг улам чанартай, шуурхай, хүртээмжтэй болгох, гадаад харилцаа,  хамтын ажиллагаагаа  өргөтгөх зэрэг Мандах Их Сургуулийн 2017-2022 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө манай хамт олон улам эрч, хүчтэй сурч, хөдөлмөрлөнө гэдэгт итгэлтэй байна. 

Эрдэм номын буян мандан бадарч сайн, сайхан үйлс дэлгэрч байх болтугай.

                                Захирал, Профессор Г. Нанжид

 

 

1992 оны 2 сард би эрдмийн зэрэг хамгаалах урьдчилсан хамгаалалтаа хийхээр бэлтгэж байлаа. Энэ үед ХААИС-ийн аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан бидний дотны анд Б.Сандагсүрэн маань нэг орой ер нь бүгдээрээ нягтлан бодох бүртгэлийн хувийн сургууль байгуулбал яасан юм бэ гэсэн санал тавьсан юм. Энэ саналыг хүлээн авч багш Р.Батжаргал, Л.Энх-Амгалан, Г.Нанжид бид нар хамтран сургалтын төлөвлөгөөгөө боловсруулж, бусад бичиг баримтыг Сандагсүрэн маань бүрдүүлсэн юм. Ингээд тэр үеийн Ардын боловсролын яаманд асуудлаа оруулж, 1992 оны 05 сарын 08-ны өдөр сургууль байгуулах шийдвэр гарсан ба, анх сургууль маань “Түрүү” нэртэй хувиараа эрхлэх аж ахуй /Тухайн үеийн хуулиар/ гэсэн гэрчилгээ авч байлаа.

            Бид Хан-Уул дүүргийн нутагт байрлаж байсан тэр үеийн Хүнсний техник мэргэжлийн сургуулийн хичээлийн нэгдүгээр байрыг түрээслэн анхны хичээлээ 1992 оны 09 сарын 01-ний өдөр 60 гаруй оюутан, 6 багштайгаар эхэлж байсан түүхтэй.

             Сургалт явуулсан эхний жилээс багшлах боловсон хүчнээр хангах, өөрийн хичээлийн байртай болох, улсын хэмжээний элсэлтийн захиалга авч хэрэгжүүлэх, сургалтаа чанартай явуулах зэрэг олон ажлуудыг 1992-2002 оныг хамарсан анхны 10 жилийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу зохион байгуулан хэрэгжүүлсэн юм.

            Мөн 1992 оны төгсгөлд Сангийн яам, Үндэсний Татварын Ерөнхий газартай гэрээ байгуулан тэдний захиалга авч, 1993 оноос нягтлан бодох бүртгэл-хяналтын ангийг шинээр нээн сургалтаа өргөжүүлсэн. Гэвч элсэгчдийн тоо цөөн, сургалтын төлбөр бага (1996 онд төгссөн анхны төгсөгчид үндсэндээ 4 жилийн хугацаанд 100 мянга хүрэхгүй төгрөгийн төлбөртэй суралцаж төгсөж байлаа),  байрны түрээс их  байснаас эхний жилүүдэд цалингаа бүрэн тавьж олгож чадахгүй байх, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй зэрэг олон бэрхшээлүүд гарч байлаа. Бид эдгээр бэрхшээлүүдийг даван туулж, өнөөгийн түвшинд хүрсэн билээ.

            Энэ хугацаанд манай сургууль “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн байгууллага”, “Зах зээлд тэргүүлэгч байгууллага” “Шилдэг менежменттэй байгууллага” зэрэг олон  өргөмжлөл хүртсэний зэрэгцээ, сүүлийн 10 жилд TOP-10 сургуулийн тоонд жил бүр шалгарч, Хувийн Их Дээд Сургуулиудын Холбооноос “Шилдэг сургууль”,  “Шилдэг хөтөлбөртэй сургууль” зэрэг олон өргөмжлөл, шагнал хүртсэн.

          Бид анх дан ганц нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр сургалт явуулж, туршлагажсаны хувьд 2007 оноос, өнөө цагт хамгийн эрэлттэй мэргэжил болох Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулж эхэлсэн. Одоо энэхүү чиглэлээр явуулж буй сургалт олонд танигдаж, төгсөгчид ажлын байр сайтай, эрэлттэй болоод байна.

Сургууль маань 2017 оноос Их Сургууль болсоноор бид Мэдээллийн технологийн тэнхимээ, Мандах  Их Сургуулийн бүтцийн сургууль болгон өргөжүүлсэн билээ.

Манай хамт олон “Цаашид дэвшүүлэн, тавьсан стратегийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ.” гэсэн итгэл төгс ажиллацгааж байна.

Мандах Их Сургуулийн Мэдээлэл, технологийн сургуулийн

Захирал Доктор(Ph.D), Профессор С.Өлзийбат

Шинэ мэдээ