Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Захирлын мэндчилгээ

Нийтэлсэн: 2018-11-16 08:34:12 Үзсэн: 2609

         Монгол улсын дээд боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсэн он жилүүдтэй хөл нийлүүлэн хөгжиж ирсэн Мандах Их  Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, оюутан залуус, эрдэмтэн багш, ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлж биднийг үргэлж дэмжиж, тусалж хамтран ажиллаж ирсэн байгууллагууд, хамт олон, хувь хүмүүс, түншлэгч нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

          2017 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн манай сургууль “Их сургууль”-ийн ангилалд орох болсоныг дуулгахад таатай байна. Ийнхүү бид бүхний 25 жилийн шургуу хүч хөдөлмөрийн үр дүнд эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн “Их сургууль”-ийн ангилалд багтлаа.

          Туулж ирсэн  өндөрлөгөөс харахад манай сургууль олон сайхан бахархах, тэмдэглэх зам мөрийг Монгол улсын Дээд боловсролын болон Бүртгэл санхүүгийн салбарт үлдээж ирсэн билээ.

    Бид байгуулагдсан үеэсээ “Нягтлан бодогч” гэдэг чухал, хариуцлагатай сайхан мэргэжлийг байх ёстой байр сууринд нь хүргэх, өнөөгийн нийгмийн шаардлага, шалгуурыг хангасан мэргэжилтэн бэлтгэх, Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогцолоог төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилгыг дэвшүүлэн тавьж  сэтгэл, зүтгэл нэгтэй манай хамт олон, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжил нэгт нөхдийн дэмжлэг дор тодорхой үр дүнд хүрсээр ирлээ.

  • Өнөөдөр их, дээд сургуульд элсэгчдийн нэлээд нь энэхүү мэргэжлээр суралцах сонирхолтой болсон,
  • Тухайн байгууллагын “чухал хүмүүс”-ийн тоонд нягтлан бодогчид орох болсон,
  • Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн, төлөвшүүлэсэн,
  • Нягтлан бодогч нарыг нэгтгэж, мэргэжлийн хувьд залж удирдан, мэргэжил цолыг нь ахиулах, дээшлүүлэх ажлыг эрхэлдэг төрийн бус байгууллагуудыг байгуулах, удирдах, бэхжүүлэсэн,
  • Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн стандартыг боловсруулж батлуулсан,
  • Cургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулсан,
  • Нягтлан бодогч бэлтгэдэг сургуулиуд олимпиадад оролцох, түүндээ ач холбогдол өгдөг болсон,
  • Нягтлан бодох бүртгэлийн багш нар шилдгээ тодруулдаг болсон,
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажилд өргөн оролцдог болсон,
  • Мэргэжлийн ном сурах бичгийг шинэчлэн бичих, орчуулах ажил идэвхжсэн зэрэг чухал ажлуудыг санаачлан, төлөвшүүлэхэд манай хамт олон хошуучлан  идэвх, санаачлагатай оролцож ирсэн.

            Өдгөө олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн их сургууль болон хөгжиж байна. Нийгмийн олон салбарт төгсөгчид маань нэр төртэй хөдөлмөрлөж, суралцаж буй оюутнууд маань сурлага, спорт, урлагийн амжилт бүтээл арвинтай байж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байдагт нь бид бүхэн талархалтай байдаг билээ. 

            Манай нэрийн хуудас болсон төгсөгчдийн 90 шахам хувь нь тодорхой ажил эрхэлж олон зуун төгсөгчид салбартаа хариуцлагатай алба хашиж, олон арван төгсөгчид өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд амжилттай суралцаж, бас зарим төгсөгчид тухайн орны мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч үндэстэн дамнасан компаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаад бид бахархалтай байна.

Одоо манай сургууль их, дээд сургуулиудад тавигдаж буй шаардлагын дагуу “Байгууллагын магадлан итгэмжлэл” болон "Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл"-ийг дараах онуудад амжилттай магадлуусан. Үүнд:

“Байгууллагын магадлан итгэмжлэл”

  • 1999 онд анхан шатанд
  • 2006 онд  2 дахь шатанд
  • 2016 онд 3 дахь шатанд
  • 2018 онд 4 дахь шатанд

"Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл"-ийн хувьд

“Нягтлан бодох бүртгэл”-ийн Бакалаврын хөтөлбөрөө

  • 2007 онд анхан шатанд
  • 2012 онд 2 дахь шатанд
  • 2018 онд 3 дахь шатанд

“Нягтлан бодох бүртгэл”-ийн Магистрын хөтөлбөрөө

  • 2018 онд

Үүнээс гадна АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг ACBSP байгууллагат 2011 онд гишүүнээр элсэн, 2014 оны 5 сарын 2 нд Сургууль болон Хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн. Ингэснээр тус сургууль Монголын их дээд сургуулиудын хувьд түүчээлэгч нь байж хөтөлбөрөө болон байгууллагаа анх түрүүнд магадлан итгэмжлүүлсэн анхны хувийн их сургууль болсон.

            Манай хамт олон

  • Чанартай Сургалт
  • Чадварлаг мэргэжилтэн
  • Ёс зүй, хариуцлаг
  • Оюунлаг, хүнлэг нэгдмэл байдал

гэсэн үнэт зүйлийг бий болгож ирсэн нь Мандахчуудын бидний хамгийн чухал ололт мөн. Энэ бол манай сургуульд ажиллаж буй, сурч буй, төгсч буй хэн бүхний эрхэмлэх үнэт зүйл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ үнэт зүйл биднийг сургуулийнхаа Алсын хараа болон Эрхэм зорилготоо хүрэхэд хөтлөгч нь, чигийг заагч нь байсан, цаашид байсаар байх болно.

Эрдэм номын буян мандан бадарч сайн, сайхан үйлс дэлгэрч байх болтугай.

                       Захирал, Профессор Г. Нанжид

 

 

 

Шинэ мэдээ