Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОНОЛ, АРГА ЗҮЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2019-04-08 08:46:22 Үзсэн: 222

 

Мандах их сургуулийн Гадаад хэлний тэнхимээс “Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн семинарыг 2019 оны 3 сарын 29-ний өдөр 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Л.Энх-Амгалан семинарыг нээж хэлсэн үгэндээ мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжлийн асуудлаар эрдмийн бүтээл туурвидаг их, дээд сургуулийн эрдэмтэн судлаач, багш нарыг идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлж буйд нь талархаж байгаагаа илэрхийлээд семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

Уг семинарт МУИС, МУБИС, ХУИС, СЭЗИС, Мандах ИС, ОУ-ын Улаанбаатар ИС, Ач ИС, Улаанбаатар Эрдэм ИС, ОУЭЗБДС, Монгол, Солонгосын политехник коллеж зэрэг улсын болон хувийн хэвшлийн 10 их, дээд сургууль, коллежийн төлөөлөл эрдэмтэн судлаач, профессор багш нар оролцож мэргэжлийн англи хэлний сургалтанд тулгамдаж буй асуудал, түүнийг сайжруулах арга зам, орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт технологийн талаар практикт суурилсан судалгааны үр дүнгээ хэлэлцэн, арга туршлагаа хуваалцахын зэрэгцээ цаашдын хамтын судалгаа, сургалтын талаар санал бодлоо солилцлоо.

Семинарт МУИС-ийн доктор (Ph.D), профессор Н.Нансалмаа “Хэл сурахуй: Орчин үеийн чиг хандлага”, МУБИС, НХУС-ийн доктор (Ph.D), дэд профессор Н.Мөнхбаяр “Мэргэжлийн англи хэлний сургалтанд тулгамдаж буй асуудал, ХУИС-ийн доктор (Ph.D), дэд профессор Н.Оюунцэцэг “Дээд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн инновацийн хүрээнд багшийн мэргэжлийн хөгжлийг авч үзэх нь”, Мандах ИС-ийн ахлах багш, докторант Ж.Төгсөө “Англи хэлний талаар Монгол улсын төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийн ялгаатай байдалд хийсэн  судалгаа”, МУБИС-ийн багш, докторант С.Соёл-Эрдэнэ "Эргэцүүллийн тэмдэглэлд тулгуурлан суралцагчийн өөрийгөө үнэлэх чадварыг хөгжүүлэх боломж" сэдвээр илтгэл хэлэлцүүлж эрдэмтэн судлаач, багш нарын дунд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сонирхолтой сэдвээр итгэл тависан багш нарт Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Доктор (Ph.D), дэд профессор Ч. Төрбадрах батламж гардуулж цаашдын ажил хөдөлмөр, эрдэм судлалын үйлсэд нь өндөр амжилт гаргахыг хүслээ.

           

Гадаад Хэлний Тэнхим

Шинэ мэдээ