Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018-05-10 11:44:03 Үзсэн: 1405

        Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагдсны 26 жилийн ой, 23 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж, тус сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн систем, Програм хангамж мэргэжлээр төгссөн оюутнууд Бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авч ажил амьдралын гараагаа эхэллээ.

      Төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээ Монголын  Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд 2018 оны 05 сарын 08-ны өдөр болсон бөгөөд ёслолын үйл ажиллагааг Захирал, профессор Г. Нанжид нээж үг хэлэхдээ: Сургууль маань 26 жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний хэмжээнд нэр хүндтэй, чанартай сургалтаараа тэргүүлсэн Их сургууль болсон байна. Манай багш, төгсөгч, оюутнууд маань энэ хичээлийн жилд амжилт бүтээлээр дүүрэн байсныг дурьдаж,  төгсөгч нарт хандаж, 4 жилийн өмнө Мандах Бүртгэл дээд сургуульд элсэн орж байсан бол Мандах Их сургуулийн төгсөгчид боллоо. Та бүхэн “Мэргэжлийнхээ ёс зүйг чанд сахин, сургуулийнхаа болон мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөн явахаа батлан тангарагладаг” энэхүү тангарагаа ажил амьдралдаа ягштал биелүүлэхийн хамт ах эгч нарынхаа амжилтыг бататгасан чадварлаг боловсон хүчин болж, эх орондоо ихийг бүтээж, өөрийгөө хөгжүүлж, аливаад идэвх зүтгэлтэй, эерэг хандлагатай байхыг хүслээ. Цаашид магистр, докторын шатанд суралцах эсвэл мэргэшсэн нягтлан болох зорилгоо хэрэгжүүлэхдээ дахин сургуулиа сонгосон тохиолдолд сургуулийн тань хаалга үргэлж нээлттэй, багш нар  тань туслаж дэмжих болно хэмээлээ.

           Мөн Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Чой. Чимэдсүрэн, Мандах Их Сургуулийн хүндэт профессор, МУГЭЗасагч, Доктор (Ph.D), Профессор Р.Батжаргал нар хүрэлцэн ирж  төгсөгчдөд цаашдын ажил амьдралдаа анхаарч явах сургамжийн үгээ хэлсэн юм.  

        Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр уламжлал ёсоор Мандах Их Сургуулийн Оюутны тэтгэлэт хөтөлбөрт хамрагдсан болон сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн төгсөгчид болон оюутнуудад эрхийн бичиг, талархал, мөнгөн урамшууллыг олголоо. Үүнд:

  • Нягтлан бодох мэргэжлээр төгсөгчдөөөс сурлагын голч дүн нь 3.7-оос дээш  6 төгсөгчид  Магистрантурт шалгалтгүй элсэн, сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт,
  • Бакалаврын диплом хамгаалсан 11 төгсөгчид Мандах Их Сургууль болон Щвейцари улсын Эдийн засаг, технологийн академийн хамтарсан ХОС ДИПЛОМ олгох Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт 2018-2019 оны хичээлийн жилд шалгалтгүйгээр элсэн суралцах эрхийн бичгийг
  • Нягтлан бодох бүртгэлийн Улсын 21-р олимпиадад амжилттай оролцож, ТОП-10-ын 7-д шалгарсан Нягтлан бодох бүртгэл- банк мэргэжлийн 2-р дамжааны оюутан О. Сарангуад 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30%-ийн хөнгөлөлтийг
  • Тус олимпиадын ТОП 10-ын 9-д шалгарсан Нягтлан бодох бүртгэл татвар мэргэжлийн 4-р дамжааны оюутан Х.Бадамгарав мөн Улсын болон салбарын хэмжээнд зохиогдсон эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцсон Нягтлан бодох бүртгэл англи хэл  мэргэжлийн 4-р дамжааны оюутан Б.Амгалан нарт  Бизнесийн удирдлагын магистрантурт шалгалтгүй элсэн, эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20% ийн хөнгөлөлтийг
  • Хаан банкны нэрэмжит Банкны улсын олимпиадад ганцаарчилсан төрөлд оролцож 3-р байрт шалгарсан Нягтлан бодох бүртгэл банк мэргэжлийн 3-р дамжааны оюутан Х.Ариунаад  2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20% хөнгөлөлтийн эрхийн бичгийг
  • Хаан банкны нэрэмжит банкны улсын олимпиадад амжилттай оролцож багаараа 3-р байр эзэлсэн “Мандах-1” багийн оюутнуудад Талархал мөнгөн урамшуулал
  • АНУ-ын Перегрине Академик Сервис, Шонхор академиас их дээд сургуулийн оюутнуудын дунд  зохион байгуулсан Бизнес Кейс тэмцээнд амжилттай оролцон, багаараа  2-р байрт шалгарсан оюутнуудад Талархал мөнгөн урамшуулал олгосныг тус тус гардууллаа.     

Манай сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд  төгсөгчдөөс ажилд авах захиалга байнга ирдэг бөгөөд энэ жил "Таван богд" ХХК, "Од бүртгэл аудит" ХХК, "Далай ван аудит" ХХК, "Улаанбаатар ауди"т ХХК, Номин Холдинг групп, Хөгжлийн банк, "Хаппи веритас" ХХК, "BSB сервис" ХХК, Тэсо корпораци,  "Шангрила" ХХК, Макс групп зэрэг олон байгууллагууд төгсөгчдөөс  авч ажиллуулах захиалгаа ирүүлээд байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төгсөлтийн ёслолын арга хэмжээний үеэр Ажил олгогчдын төлөөлөл  Тэсо Корпорацийн Захиргаа хүний нөөцийн газрын захирал Ч.Амарзаяа хүрэлцэн ирж, төгсөгчдөд баяр хүргэхийн ялдамд Нягтлан Бодох Бүртгэл-аудит мэргэжлийн төгсөгч Э.Үүрийнгэгээд  Ажлын байрны урилга гардууллаа.

Нийт төгсөгчидөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ