Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Япон улсад зохион байгуулагдсан “Хөгжлийн гарц-Шинжлэх ухааны хэрэглээ-2018” ОУЭШХуралд оролцлоо.

Нийтэлсэн: 2018-12-03 16:13:43 Үзсэн: 141

Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг болон Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран Япон Улсын Хоккайдо мужийн Саппоро хотод Хоккайдогийн Их Сургууль дээр 2018.11.23-25-ний өдрүүдэд “Хөгжлийн гарц-Шинжлэх ухааны хэрэглээ-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Тус хуралд Монгол Улсаас МУИС, Мандах Их Сургууль, Газарзүй Гео-Экологийн хүрээлэн, СУИС, Монгол Залуу Эрдэмтдийн Холбоо зэрэг байгууллагууд, Япон Улсаас Токиогийн ИС, Киотогийн ИС, Хоккайдогийн ИС, Китами Технологийн ИС, Ракуно гакүэн ИС, Жүнтэндо АУИС, Солонгос Улсаас Данкүүк ИС зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлсэн.

Хурлын үндсэн илтгэлийг Хоккайдо ИС-ийн эмират профессор Киоши Като “Importance of basic sciences” сэдвээр, Монгол Улсын ШУА-ийн харьяа Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох “Mongolian sustainable development vision 2030: Competitiveness of the industrial sector and clustering” сэдвээр, Хоккайдо ИС-ийн дэд профессор, доктор Д.Ичинхорлоо “One of the examples of basic research: Analysis of the 16O(p,pn)150 reaction using the CDCC method” сэдвээр тус тус хэлэлцүүлллээ.

“Хүрээлэн байгаа орчны шинжлэх ухаан”, “Байгалийн шинжлэх ухаан”, “Инженерчлэл болон эмнэл зүйн ухаан”, “Нийгмийн шинжлэх ухаан” гэсэн ангиллаар салбар хуралдаанууд зохион байгууллагдлаа. Мандах Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш Л.Дансранбавуу  "Нийгмийн шинжлэх ухаан”-ы салбар хуралдаанд  “Даяарчлал болон санхүүгийн салбарын хөгжлийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Хурлын хэлэлцүүлгийн үед Мандах Их Сургуулиас Япон Улсын их дээд сургуулиудтай багш болон оюутан солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх талаар санал солилцсон болно.

Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Япон, Монгол оронд суралцаж буй оюутан залуус, судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байгаа судлаачдынхаа дунд харилцан мэдлэг мэдээлэл, арга зүй, туршлагаа солилцох, бие биеэсээ суралцах, цаашид хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийн сацуу шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан шинэлэг санаа бүхий инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах зорилготой. Мөн эрдэмтэн судлаачидаас Монгол Улсын хөгжилд хэрхэн өөрсдийн хувь нэмрээ оруулах, Монголын шинжлэх ухааны хөгжил дэх оролцоо, судалгаа, инноваци зэрэг сэдвүүдээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх явдал байлаа.

Хурлын үр дүнд дараах 3 чиглэлээр цаашид хамтарсан судалгааг үргэлжлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд:

  1. ХАА-н гаралтай, экспортын бүтээгдэхүүний судалгаа,
  2. Хортой, хоргүй хавдарын судалгаа,
  3. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдлийн судалгаа

Монгол Улсын хэмжээнд тулгамдаад байгаа эдгээр асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөлтийн болон хэрэгжүүлэлтийн бүхий л үе шатанд эдийн засгийн тооцоолол, төсөл, хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага үүсэх тул Мандах Их Сургууль энэ талаар хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нийллээ. Ракүно гакүэн ИС-ийн төсөл хариуцсан менежер, профессор Бухо Хошино-той  хамтран ажиллах талаар санал солилцон Монголд айлчлах үеэр Мандах Их Сургуулийн удирдлагатай  уулзалт зохион байгуулах хүсэлт тавилаа.

Хуралд Япон Улсаас оролцсон, Японы их дээд сургуулиудад магистр, доктор, докторын дараах сургалтад суралцаж байгаа Монгол судлаачдад Мандах Их Сургуультай хамтран ажиллах боломжуудыг таниулж, цаашид холбоотой ажиллахаар санал тавилаа.

 

 

 

Шинэ мэдээ